Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” уулзалт өнөөдөр /2024.12.20/ Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд үргэлжлэв. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд, олон нийт, намын гишүүдийг Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас УИХ-д сонгогдсон гишүүд хүлээн авч уулзаж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Монгол Ардын намын Сан хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нар өнөөдрийн уулзалтад ирсэн иргэд, намын гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсов.
Уулзалтад зорин ирсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баяртай соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр үндэсний соёлын чухал өв болсон бие биелгээгээ дэлхийд таниулахаас гадна эх орондоо, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууддаа зааж сургах, өвлөн уламжлуулах, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тусгах зэрэгт Монгол Ардын намын удирдлага, гишүүд, дэмжигчдийн дэмжлэг, оролцоо чухал байгааг хэллээ.
Мөн иргэдийн зүгээс шүүх, цагдаа, прокурорын байгууллага хууль ёсны дагуу, эрх тэгш, шударга ажиллах, алслагдсан аймгуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарахыг захиж, санал, хүсэлтийг нь нээлттэй сонсож буйд талархав.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.