Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны удирдлагууд иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авахаар “Иргэдээ сонсъё” уулзалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэхүү уулзалтад өнөөдөр /2024.12.19/ ирсэн иргэд, намын гишүүдийн төлөөллийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүд болон намын удирдах албан тушаалтнуудтай уулзаж буй иргэд голдуу өөрийн ажил, амьдралдаа тулгамдсан асуудлаа ярьж, шийдвэрлэх ямар боломж, гарц байгаа талаар лавлаж байв.
Барилгын салбарт олон жил ажиллаж буй Энхтайван Барилгын хөгжлийн төвд материалаа өгөөд удаж байгаагийн учир шалтгааныг тодруулах шаардлагатай байгаа талаар дурдлаа. Мөн тэрбээр салбартаа тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, “Өндөр барилгын зөвлөл” хэмээх ТББ-ын үйл ажиллагааг судалж үзэхийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас хүссэн юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Борхүүгийн хувьд намын ахмад гишүүн явсан аав, ээжийгээ алдсан, ганц охиноо эрдмийн зэрэг цолтой эмч болгохоор сургаж, өөрөө ажил хөдөлмөр идэвхтэй хийж, хүнд даацын автомашин олон жил барьж байгаагаа ярив. Тэрбээр түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах, эсвэл хүүхдийнхээ боловсролд анхаарч, дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар хүсэлт тавьж байлаа.
Дээрх иргэдийн тавьсан санал, хүсэлтийн талаар холбогдох газруудаас лавлаж, судалж үзээд тодорхой хугацаанд хариу өгнө гэдгээ уулзалтад оролцсон албаны төлөөлөл хэлэв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.