Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар орон нутаг, нийслэлийн намын хорооны удирдлагаар ажиллаж байсан ахмадуудыг өнөөдөр /2024.12.11/ Тусгаар тогтнолын ордонд хүлээж авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар энэ онд болсон УИХ болоод орон нутгийн сонгуулийн онцлог, үр дүн болоод намын цаашдын бодлого, үйл ажиллагаа, өмнө нь хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн тэрбээр орон нутгийн намын хороодын үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх, орон нутгийн намын гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллах, улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан онцлох өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгөв.
Энэ үеэр орон нутаг, нийслэлийн намын хорооны удирдлагаар ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл намын удирдлагуудад тавих санал хүсэлтээ хэлж, асуулт асуув. Тэд эрчим хүч, дулааны үнэ тарифыг зөв тогтоож, энэ салбарт суурь шинэчлэл хийх, хот, хөдөөгийн шилжилт хөдөлгөөнийг оновчтой бодлогоор зохицуулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарч сайжруулсан түлшний стандартыг хянаж, шалгах, хийн түлш, цахилгаан халаагуур зэрэг дэвшилтэт арга шийдэлд шилжих зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Мөн улсын гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хадгалах, ирээдүй болсон хүүхэд багачуудын соён гэгээрэл, боловсролын асуудлыг онцгойлон авч үзэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зэрэг улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой чухал саналуудыг ч хэлэв. Цаашид намын бүтэц, зохион байгуулалт, орон нутаг дахь намын ажилтны орон тоо, боловсон хүчний бодлого, чадвар зэргийг цаг үе, нийгмийн хөгжилд уялдуулан авч үзэх, намын удирдлагын түвшинд олон жил ажилласан ахмадуудын нийгмийн асуудлыг судлах, шийдэх, намын гишүүдтэйгээ тогтмол, эргэх холбоотой ажиллах зайлшгүй шаардлагатайг сануулсан юм.
Энэхүү уулзалтад Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нарын удирдах албаны төлөөлөл оролцов.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.