Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооноос өнөөдөр /2024.12.03/ нийслэлийн 9 дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Уулзалтын үеэр ахмадуудад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээний талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал, хүсэлтийг сонсож, асуултад хариулсан юм.
Ахмадуудын зүгээс рашаан сувиллын хөнгөлөлт, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хувь тэнцүүлсэн тэтгэврийн талаар авч хэрэгжүүлж буй хуулийн зохицуулалтыг эргэн харах талаар голчлон асуулт, санал тавьж албаныхнаас хариулт авав.
Мөн хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт, мэс засалд орсны дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог төлбөрийн зөрүү, улсад насаараа ажилласан ахмадуудыг орон сууцжуулах, эмнэлэгт үр дүнтэй оношлуулж, эмчлүүлдэг байх талаар хүсэлт тавьж байв. Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг хуулиар зохицуулсан ч гэлээ ахмадуудын ажил, хөдөлмөр эрхлэх насыг хязгаарлахгүй байх талаар ч хөндсөн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмадууд болон зорилтот бүлгийг орон сууцжуулах, Ахмадын санг бүрэн утгаар нь ажиллуулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажил орлоготой байх боломжоор хангах, ахмадуудын амралт сувиллын тоог нэмэгдүүлж, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд түлхүү ажиллана гэдгээ онлов. Энэ 2024 оны эхний арван нэгэн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 499 мянган ахмад тэтгэвэр авч байна. Мөн ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхээр төсөвлөсөн байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.