70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист Намын төлөөлөлтэй уулзав

Админ
2024/12/02

Энэ онд тохиож буй Монгол, Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2024.12.02/ Хятадын Коммунист Намын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Мо Гаойи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар түүхт ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” хэмээх номуудыг Монголын уншигчдын хүртээл болгож байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Мөн уулзалтын үеэр хоёр улсын найрамдалт харилцаа, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон хоёр нам хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцов.

Монгол Улс цаашид цахим, ногоон, хүний нөөцийн гэсэн гурван томоохон шилжилт хийхээр ажиллаж буй бөгөөд БНХАУ-ын хувьд ч эдгээр чиглэлүүдэд хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж буй.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр нам хоорондын хамтын ажиллагаа чухал талаар талууд санал нэгдэж, оюутан, залуучуудын харилцан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр бүх түвшинд идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Х.Алтай, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, Ерөнхий Нарийн бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Д.Жанабазар нар оролцлоо.

Мөн БНХАУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Хятадын Коммунист Намын Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Жоу Айбин, Суртал ухуулгын хэлтсийн дарга Цао Сяоли  нарын төлөөлөл байлцав. 









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.