Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Их хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны шинэ тэргүүнээр Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж байгаагаа Их хурлын төлөөлөгчдөд танилцуулав.
Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ шийдвэрийг гаргахдаа намын удирдах төвшний хүмүүстэй зөвлөлдөж, мөн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоон доторх уур амьсгалыг үндэслэсэн гэдгээ онцоллоо.
Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн бөгөөд 2008 онд Монгол Ардын Намд элссэн. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалтай юм.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагватай өрсөлдөх өөр нэр дэвшигч танхимаас гарсангүй. Иймд түүнийг Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгчид дэмжих эсэхээр санал хураалт явуулахад VII Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Б.Пүрэвдагвыг дэмжсэн тухай тооллогын комиссын дарга Д.Ихбаяр индэрт мэдээлэв.
Ингэснээр Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва сонгогдож, холбооны тамга тэмдгийг Монгол Улсын сайд Н.Учрал түүнд хүлээлгэн өглөө. Энэхүү Их хуралд 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн 500 гаруй залуу оролцож байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.