Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилов. Тэрбээр 2012-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.
Мөн “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж тэргүүлэгчээр нь, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв.
Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар томилогдсон Л.Энхболд нь ЗХУ, Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.