70001921
info@nam.mn
Мэдээ

ICAPP Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт болно

Админ
Өчигдөр 18 цаг 10 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан  Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 18-19-нд зохион байгуулагдах гэж байна.

ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой. Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 14 улсын 20 гаруй улс төрийн намуудын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцоно. Хуралдааныг ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж үг хэлэх юм. Хурлаар Азийн улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, дуу хоолой, тэгш боломж, тэгш оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.   

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааныг өнгөрсөн жил мөн зохион байгуулсан бөгөөд Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгосон юм.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.