УИХ-ын 2024 оны ээлжилт сонгуулийн Vll тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчид ХУД-ийн 18 дугаар хорооны иргэд, сонгогчид болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, “ТЭЦ-3”-ын ажилчидтай уулзаж намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад оролцсон иргэд эрүүл мэнд, нийгмийн асуудал, хот төлөвлөлтийн салбарыг төлөөлж буй нэр дэвшигч Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарт итгэл хүлээлгэж, энэ удаагийн сонгуульд дэмжихээ илэрхийллээ.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, барилга байгууламжийн нягтаршил ихсэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг нэр дэвшигч Т.Мөнхсайхан онцлоод Хан-Уул дүүргийн иргэдийг эрүүлжүүлэх, эрүүл мэндээрээ жишиг дүүрэг болгон ажиллахаар төлөвлөж, хийж хэрэгжүүлэх олон ажил байгааг танилцуулсан юм. Тэрбээр “Согтууруулах ундааны хэрэглээг бууруулах тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд олон ажил хийсэн. Үр дүнд нь согтууруулах ундааны хэрэглээ өмнөх оныхоос 12.5 хувиар буурсан. Энэ ажлууд үргэлжилснээр Хан-Уул дүүрэг эрүүл, эко жишиг дүүрэг болон хөгжих болно” хэмээн танилцууллаа.
Нэр дэвшигч, сэтгүүлч Л.Нинжжамц залуучуудтай холбоотой мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудын талаар “Залуучууд цагийн ажил хийх боломжийг нэмэгдүүлж ажиллана. Ажил олгогчид цалингаа бүтэн өгдөггүй асуудал гардаг байсан. Тиймээс Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Мөн залуучуудтай холбоотойгоор Гэр бүлийн тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг сайжруулах хэрэгтэй” хэмээн танилцуулаад залуучууд хөдөлмөрлөж, цалин, даатгалтай болсноор нийгмийн суурь хэрэглээ болох орон сууцны асуудал шийдэгддэг байхын төлөө ажиллана гэсэн юм.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Нэг хүн гарын үсэг зурж хотхон барих зөвшөөрлийг өгдөг, нэг хүн гарын үсэг зурж тэр хотхоныг төлөвлөдөг байдлаас бид гарахгүй бол болохгүй нь харагдаж байна. Хотхон, хороолол заавал хажуудаа улсын сургуультай, заавал цэцэрлэгтэй байх шаардлагыг тавихгүй бол болохгүй. Тиймээс холбогдох хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай” хэмээн онцоллоо.
Мөн Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид “ТЭЦ-3”-ын ажилчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Цаашид нийгмийн даатгал төлөгч бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн, хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах бодлого баримтлахаар Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг энэ үеэр танилцуулсан юм. Харин мөрийн хөтөлбөрийг биелүүлж ажиллахад Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа.
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд хамгийн тулгамдсан асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Энэ асуудлыг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан иргэдтэйгээ хамтран хөөцөлдсөний эцэст улсын сургууль, цэцэрлэг барих гүйцэтгэгч компаниуд шалгарчээ. Удахгүй зураг төсөв нь батлагдаж, барилга угсралтын ажлаа эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж буй.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.