УИХ-ын сонгуулийн Xlll тойрог Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын сонгуулийн сурталчилгааны уулзалтууд гурван дүүрэгт үргэлжилж байна.
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭРТ НАЛАЙХЫН 600 ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нэр дэвшигчид Налайх дүүрэгт ажиллахдаа боловсрол, спортын салбарынхан болон “Тавантолгой түлш” зүүн бүсийн үйлдвэрийн хамт олонтой уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтад иргэд, сонгогчдын зүгээс цалин, тэтгэврийн нэмэгдэл, орон сууцын хөнгөлөлттэй зээл, урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг ихэвчлэн хөндөж байлаа. Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд 15 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Эхнээсээ ипотекийн 3 хувьд хамрагдсан иргэд бий. Алслагдсан дүүргүүд мөн 20 хувиар орон нутгийн нэмэгдэл авдаг болсон. МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгаад байгаа зэрэг хариултыг иргэд, сонгогчдодоо өглөө.
Дараагийн уулзалт “Тавантолгой түлш” зүүн бүсийн үйлдвэрийн хамт олон байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу үйл ажиллагаагаа явуулж өдгөө нийт 1100 гаруй ажилтантай, үүний 600 ажилтан нь Налайх дүүргийн иргэд байна.
“Тавантолгой түлш” компани нь өндөр хүчин чадалтай автоматжсан үйлдвэрүүдтэй болох зорилго тавин ажиллаж байгаа. Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр шугамыг өргөтгөж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгох ажлыг хийж дуусгажээ. Мөн бүрэн автомат дулааны станц барих ажлыг эхлүүлсэн байна.
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ЖИЛД 2.5 САЯ ТОНН НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Багахангай дүүргийн төрийн албан хаагчид болон орон нутгийн өмчит үйлдвэрийнхэн, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарынхны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Багахангай дүүрэгт экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч угсралт, хөнгөн үйлдвэрийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготойгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан.
Энэхүү паркт Монгол Улсад жилд 2.5 сая тонн нүүрс боловсруулах, 1.9 сая тонн кокс үйлдвэрлэх, хаягдал дулаанаар жилд 1 сая квт эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж байна. “Ян Сарьдаг Оргил” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь 60 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс 40 МВт эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ хангаж, үлдсэн 20 МВт эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Нийт 2.9 тэрбум юанийн төсөвт өртөгтэйгээр хэрэгжүүлж байгаа төслийн хоёрдугаар үе шат нь ган бөмбөлөгийн үйлдвэр байгуулах байх юм. Төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд 250 хүний ажлын байрыг бий болгож, багахангайчуудыг ажлын байраар хангах таатай нөхцөл бүрдэж байгаа нь энэ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд 2025-2030 онд 1500 хүртэл ажлын байр бий болгох кластеруудын бүтээн байгуулалтын ажил үе шаттайгаар ийнхүү эхэлж байна. Багахангай дүүргийн томоохон бүтээн байгуулалт болох эдгээр үйлдвэрүүд улам өргөжиж, ажлын байрыг нэмэгдүүлснээр нийслэлийн дагуул хот болон хөгжих үндэс суурийг тавьж байгаа юм.
МАЛЧИД ХОРШООЛЖ АЖИЛЛАСНААР ЖИЛД 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ, 50 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ
Монгол үндэстэн гэдэг ялгарлыг тээж, эх орныхоо алс хязгаарт, өнцөг булан бүрд эзэн нь байж чаддаг малчид, үндэсний спортоо хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэн хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй бөхчүүд, сур харваачид, уяачидтайгаа уулзлаа.
Монгол орны нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч, мал аж ахуйн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн өвлийн тухайд 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсний улмаас нийт 4957 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 513 өрх 100 хувь малгүй болсон. Иймд Засгийн газар, УОК-оос нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч, цаашид байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг өвөлжилт, хаваржилтад тэсвэртэй байж, тогтмол ашиг орлоготой болгох зорилгоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулж, “Шинэ хоршоо хөдөлгөөнийг орон даяар эхлүүллээ.
Малчид хоршоолж ажилласнаар жилд 6 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаатай авч, хөдөө аж ахуйн салбарын үйлдэрвэрлэгч болох боломж бүрдэж буй юм.
Түүнчлэн Налайх, Багануур, Багахангай дүүрэг Үндэсний их баяр наадмаа тусдаа тэмдэглэж, баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шагналт байрт шалгарсан бөх, сур, шагайн харваачид болон айрагдсан морьдын уяачдад олгодог цол, чимэг, зэргийг аймгийн баяр наадмын цол, чимэг, зэрэгтэй адилтган олгож байхаар хуульчиллаа. Энэ нь эдгээр дүүргүүдийн уяач, бөхчүүд, харваачдад томоохон дэмжлэг болсон.
НҮҮРСНИЙ ҮНИЙГ НЭМСНЭЭР “БАГАНУУР” ХК-ИЙН АЛДАГДАЛ БУУРАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ
“Багануур” ХК-ийн уурхайчид, “Багануурын дулааны станц” ТӨХК болон Монгол Улсын хэмжээнд цахилгаан машин /цахилгаан хөдөлгүүрийг засварлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг “Мон цахим” ХХК-ийн ажилчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо.
“Багануур” ХК олон жилийн турш тонн нүүрс тутамдаа 5000-13,900 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн тул 2022 онд нэг тонн нүүрсний үнийг 9810 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 588 дугаар тогтоол, “Багануур” ТУЗ-ийн 18 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний суурь үнийг 43,310 төгрөг байхаар тогтоосон. Ингэснээр “Багануур” ХК эхний ээлжинд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, алдангиа төлөх боломж бүрдлээ.
Мөн “Багануур дулааны станц” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах үүднээс Эрчим хүчний зохицуулах газрын шийдвэрээр 2024 оноос Эрчим хүч түгээх компаниас худалдан авдаг тарифыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр тогтсон юм. Ингэснээр тус компанийн алдагдал жилд 823 сая төгрөгөөр буурах боломж бүрдлээ.
“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн тулгамдаад байсан асуудал болох тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд өнгөрсөн хугацаанд нийт 900 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 9 төрлийн засвар үйлчилгээ хийжээ. Цаашид нэн тулгамдаад байгаа зуухнуудын шинэчлэлийг хийхээр ажиллаж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.