70001921
info@nam.mn
Мэдээ

Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна

Админ
2024/06/21

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн Vll тойрог буюу говийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшигчид Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Говийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Ө.Золбаяр “Говь нутагтаа, байгаль эх дэлхийдээ өгөх сэтгэлээр хандах цаг болсон. Тийм учраас МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Хэрлэн Тоонот, “Орхон Онги” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ төсөл хэрэгжсэнээр нэгдүгээрт, Говийн бүсийн бэлчээрийг усжуулна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйд хэрэглэнэ. Гуравдугаарт, ундны усны хүрэлцээ сайжирна. Хамгийн гол нь эргэж нөхөн сэргэдэггүй гүний усыг уул уурхайд ашиглахаа болих юм” хэмээн онцоллоо.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Өмнөговь аймгийн Ханбогд сум 2025 оноос хотын статустай болох эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг нэр дэвшигчид тодотгож байв.

УИХ-ын сонгуулийн Vll тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан “Ашигт малтмал, уул уурхайгаа дагасан энэ бүс нутгаа хот болгон хөгжүүлж, говийн бүсэд амьдарч байгаа олон залуусаа ажлын байртай болгох, залуучууд орон нутагтаа тав тухтай амьдрах, үр хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ авах энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Ханбогдыг хот болгох эрх зүйн шинэчлэлийг хийж өгсөн” гэв.

Монгол Ардын намаас дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсийн түвшинд мега төслүүдийг хэрэгжүүлэх ач холбогдолтой, тогтвортой хөгжил рүү чиглэсэн томоохон бодлогын өөрчлөлт гэдгийг нэр дэвшигчид онцоллоо. МАН-аас говийн бүсэд нэр дэвшиж байгаа  нэр дэвшигчийг багаар нь дэмжинэ гэж говь нутгийн иргэд хэлж байв.

МАН-аас нэр дэвшигч Т.Энхтүвшин “Говийн бүсэд экспорт, импорт аль аль нь байна. Уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Баяжуулах, боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Хангай болон баруун аймгийн олон иргэд ажиллаж, амьдарч байна. Бүсээр хөгжихөд бидэнд юу хэрэгтэй вэ. Өмнөговь аймаг жилдээ 8.0 их наяд төгрөг, Дорноговь аймаг жилдээ 1.0 их наяд төгрөг төсөвт өгч байна. Монгол Улсын төвлөрсөн төсвийн гуравны нэгийг зөвхөн говийн бүсээс бүрдүүлж байна. Тийм учраас бид улсын төсөвт төвлөрүүлж байгаа энэ их хэмжээний мөнгөний тодорхой хэсгийг говийн бүсдээ авч үлдэж, бүс нутгийнхаа дэд бүтцийн асуудал, иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан зарцуулах боломж бидэнд байна” хэмээв.

2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдаж Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдсэн. Үр дүнд нь манай улс экспортын 5 шинэ гарцтай болж, түүхэндээ анх удаа 70.0 сая тонн нүүрс экспортолжээ.

МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  МАН-ын мөрийн хөтөлбөрт Боомтын сэргэлтийн бодлого маш тодорхой туссан. Хөрш орнуудыг холбосон босоо, хөндлөн чиглэлийн төмөр замыг нэмэгдүүлж, нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ. Говийн бүс нь таван том боомттой. Цаашид боомтын хүчин чадал, тоог нэмэгдүүлж зөвхөн нүүрс зөөдөг биш, байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг дэмжсэн боомт болгон хөгжүүлнэ” хэмээн онцолсон.

Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн дөрвөн боомт 7.500 км хатуу хучилттай авто замаар холбогдож “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын ажил дууссан билээ. Одоо 21 аймгийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын бүтээн байгуулалт явагдаж байна. 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.