УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Увс аймгийн гурван ч сумын иргэд сонгогчдоос бүрдсэн тус уулзалтад 400 гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон юм.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасныг танилцуулахад Увсынхан талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгаад байгаа билээ. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг тус бүр барьж ашиглалтад оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Ханхөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуураараа алдартай байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон ястан амьдран суудаг Увс аймаг чацарганаараа алдартай. Тийм ч учраас ирэх дөрвөн жилд МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Увс аймгийн Улаангом суманд олон улсын стандартад нийцсэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгайлан тусгасан явдалд Увсынхан сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Д.Амарбаясгалан даргын санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар маш олон малчин асууж тодруулан мэдээлэл авч байв. Наранбулаг суманд өнөөдрийн байдлаар нийт 16 хоршоо шинээр байгуулагдаж, хоёр хоршооны 16 малчинд 460 сая төгрөгийн зээл олгогдсон байна. Малчин, хоршоологчдын хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийлсэн. Увс аймгийн хэмжээнд нийт найман хоршооны 29 малчны нэг тэрбум төгрөгийн зээл судалгааны шатанд явж байгаа талаар Д.Амарбаясгалан дарга танилцуулсан. Тэрбээр энэ үеэр “Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ” хэмээн тодотголоо. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид хэрэгжүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ Увс аймгийнхан илэрхийллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.