70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-аас Зүүн бүсэд нэр дэвшигчид Хэнтийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд ажиллав

Админ
2024/06/16

УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны зургаа дахь өдрийн  уулзалтаа Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал суманд үргэлжлүүлэв.  

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийг хөгжүүлэх гарц, шийдэл, намын мөрийн хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх салбар бүрийн төлөөллийг багтаа нэгтгэсэн юм. Түүний ахалсан багт Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Цагаанхүүгийн Идэрбат нар багтаж байгаа бөгөөд тэд зүүн бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцуулж байна.

Дархан сум дөрвөн багтай, хөдөө аж ахуй дагнасан нутаг бөгөөд тэмээний тоогоор Хэнтий аймагтаа тэргүүлдэг. 2023 оны жилийн эцсийн тооллогоор  270,221 тоо толгой малтай байсан бол өнгөрсөн өвөл төмөр зуд нүүрлэсний улмаас нийт малын 50 гаруй хувь нь хорогдсон. Иймд малчдын амьдрал ахуйг дэмжих, малчдыг чадавхжуулах “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлүүлсэнд, малчдын нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэж өгсөнд малчид  талархаж байв. Бүсийн хэмжээнд боомтын сэргэлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймагт хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд иргэдэд үр өгөөжөө өгнө гэж үзэж байна.

Баянмөнх суманд сүүлийн найман жил МАН тогтвортой засаглаж байна. Өнгөрсөн жилүүдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр спорт цолцолбор, бохирын шугам, цэвэрлэх байгууламж, Эрүүл мэндийн төвийн урсгал их засвар, цэцэрлэгийн барилгыг өргөтгөсөн байна. Энэ оны төсөвт сум доторх далан, гэрэлтүүлэгтэй, явганы хүний замтай гурван километр засмал зам тавихаар тусгагджээ.

Дэлгэрхаан сум бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хэнтий, Дорнод,Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцын чухал маршрут юм. Энд Их Монгол Улсын анхны нийслэл Аураг хотын туурь оршдог төдийгүй “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан газар. Сумын нутагт “Монголын нууц товчоо” аялал жуулчлалын цогцолбор баригдаж, энэ онд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалт өрнөж байна. “Аварга тосон” рашааныг түшиглэн 200 гаруй иргэн, ААН үйл ажиллагаа явуулдаг. Тус сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны Соёлын төв, цэцэрлэг, сургуулийн их засвар хийгдэж, эмнэлгийн10 ортой барилга шинээр ашиглалтад оржээ. Эмч, цагдаагийн байр баригдаж эхлээд байгаа аж.

Цэнхэрмандал суманд сүүлийн жилүүдэд шинэ цэцэрлэг, ЗДТГ-ын барилга ашиглалтад орсон төдийгүй  гурван жил “царцаад” байсан Соёлын төвийн барилгын хөрөнгө оруулалт энэ оны улсын төсөвт тусгагджээ. Тус суманд хөдөө аж ахуй, дотоодын  аялал жуулчлал түлхүү хөгжсөн. Сүүлийн жилүүдэд газар тариалан эрчимжиж байна. Тухайлбал, тус сумын нутагт орших  “Хар зүрхний хөх нуур”-ыг үзэж сонирхохоор зуны улиралд 5000-8000 машин, хүн зорин ирдэг байна. Энэхүү байгалийн үзэсгэлэнт газарт Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан цол олгосон түүхтэй.

Эдгээр сумдын иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан зүүн бүс нутгийн түүхэн газрууд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт байгаль, соёлын өв, ан амьтанд түшиглэж гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилтыг туйлын зөв. Ялангуяа дээрх концепцын хүрээнд авто болон төмөр зам, дэд бүтэц өргөжиж, бүтээн байгуулалт дагасан ажлын байр бий болж, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэж үзэж байна.

Мөн энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр парламент 126 гишүүнтэй болж, иргэдийн төлөөлөл нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрлийг бууруулах хөгжлийн шинэ гарц нээгдэнэ. Монголын нийгэмд сүүлийн 30 жилд үүссэн авлигын эсрэг олон шинэчлэлийг хийж буй Ерөнхий сайдаа багаар нь дэмжих нь зөв. Зөвхөн нэг аймгийн аль нэг сумын хөгжлийг биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар харсан сонгууль болж байна.

Тиймээс бусад, нам эвсэлтэй харьцуулахад МАН-аас зүүн бүс рүү илгээсэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр амьдралд ойр, бодлого, судалгаанд суурилсан, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн, энэ тойрогт нэр дэвшиж буй багт салбар бүрийн төлөөллийг багтаасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байгаа болохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан баг бүтэн ялна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байлаа. 



 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.