УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Хэнтий аймагт үргэлжлүүлж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан зүүн бүсэд нэр дэвшиж буй Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө Бор-Өндөр сумын иргэд, сонгогчидтой уулзаж, танилцууллаа.
Бор-Өндөр сум 13 мянга орчим хүн амтай, аймгийн төсөвтөө жилд 3.8 тэрбум төгрөгийн татаас өгдөг, уул уурхай түшиглэсэн томоохон сумдын нэг юм. Тус сумын нутаг дэвсгэрт “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр 1985 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1500 гаруй ажилтантай, жонш, төмрийн хүдэр экспортолдог. Өөрийн орлого болон давсан орлогоо ИТХ-аараа хэлэлцэн шийддэг Монголын томоохон сумдын нэг юм.
Тус суманд 2012-2016 онд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2020-2024 онд төсөв болон бусад хэлбэрээр 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ талаар Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд манай суманд ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлээд буцсан. Өдгөө биеллээ олоод байна. 40-өөд жил засвар хийгээгүй байсан инженерийн шугам сүлжээний их засвар шинэчлэлийг 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Хамгийн сүүлд гэхэд Хүүхэд залуучууд спорт, хөгжлийн төвийн барилгын 13.2 тэрбум төгрөг улсын төсөвт суусан, барилгын ажил эхлээд явж байна. Олон жилийн хулгай луйврыг ил болгож, зөв бодлогоор ажиллаж байгаа Ерөнхий сайдаа бид багаар нь дэмжинэ” гэсэн юм.
Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга долдугаар сард, 200 хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг аравдугаар сард ашиглалтад орох аж. Мөн Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50 км авто замтай болсон байна. Үүнийг Чингис хоттой холбох 180 км автозамын 22 тэрбум төгрөг энэ оны улсын төсөвт тусгагджээ. Замын- Үүдийг Ульхан боомттой холбох, Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замууд Бор-Өндөрөөр дайрах юм. Ингэснээр уул уурхай, тээвэр логистик, аялал жуулчлал хөгжих суурь болно гэж иргэд үзэж байна.
Нэр дэвшигчид Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, дэд бүтцээр холбож, нэгдсэн бодлогоор хөгжүүлнэ гэдгийг тодотгов.
Энэ талаар нэр дэвшигч, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дорнод аймгийн Засаг даргаар есөн жил ажиллахдаа хүнээ дагасан хөрөнгө оруулалт хамгийн чухал юм билээ. Уул уурхайн баялгаас олсон ашгаа тэгш, хүртээмжтэй хуваарилахаас эхэлнэ. Намайг анх Засаг даргын ажил авахад манай аймаг Хүний хөгжлийн индексээр 21-т жагсаж байсан бол одоо боловсролын түвшингээрээ тэргүүлэгч аймаг болсон. Хэнтий, Дорнод, Сүхбаатар бол хэзээнээсээ ах, дүү аймгууд. Сэцэн ханы хөгжлийн төлөө багаараа нэгдэж ажиллана” гэлээ.
Нэр дэвшигч Ц.Идэрбат “Бид өнгөрсөн 30 жилийн тоглоомын дүрмийг өөрчилнө. Хэн ч гарсан ялгаагүй гэсэн мухардал арилж, ард түмний баялгаас хулгай хийхийг зогсооё. Энэ талаар намын дарга, Ерөнхий сайд тууштай тэмцэж байгаа. Энэ сонгууль бол 30 жилийн алдаа, оноогоо дүгнэж, ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдгийг шийдэх жил. Алдагдсан найман жил биш ард түмний баялгийг эргүүлэн авчирч байгаа он жилүүд юм шүү” гээд МАН-аас нэр дэвшигчдийн багаар нь дэмжихийг уриалав.
Тус сумын иргэд, сонгогчид УИХ-ын VI тойрогт нэр дэвшиж буй Ерөнхий сайдын ахалсан багийг бүтэн дэмжиж, төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, зүүн бүс нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байв. МАН-ын засаглалын үед тус суманд томоохон бүтээн байгуулалтууд олноор хийгдэж, залуус ажиллаж, амьдрахад таатай нөхцөл бүрдсэн. Ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр нь өргөн цар хүрээтэй байгаад иргэд ам сайтай байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.