70001921
info@nam.mn
Мэдээ

Зүүн бүсэд 50 гаруй хоршоонд таван тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна

Админ
2024/06/15

УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны тав дахь өдрийн  уулзалтаа Сүхбаатар аймгийн Уул-Баян сумаас эхлүүлж, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар суманд үргэлжлүүлэв.  

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан зүүн бүсэд нэр дэвшиж буй Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг, Пүрэв-Очирын Анужин, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар аймаг, сум, бүс нутгаа хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн холимог ситем, томсгосон тойргийн давуу тал, жалга довоор талцдаг тогтолцоог халж, улс орны хэмжээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр гарах үр дүн, Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал, баялгийн тэгш бус хуваарилалт, хууль бусаар хөрөнгөжсөн бүлэглэлийн эсрэг тэмцлийг ард түмэн дэмжиж буй шалтгаан, МАН-аас зүүн бүс нутагт өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлууд, ирэх дөрвөн жилд зүүн бүсэд хийх томоохон бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлээд Сэцэн хандаа ирж буй зорилго зэргийг очсон сум, уулзсан иргэд сонгогч бүрд дэлгэрэнгүй танилцуулав.

Сум орон нутагт ажлын байрны эрэлт их байдаг ч залуус ирж ажиллахгүй байгаа нь төв суурин газар ажиллах сонирхол нийтлэг болсонтой холбоотой аж. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум гэхэд 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, сум дундын эмнэлэгтэй ч хүний нөөцийн хомсдолтой, мэргэшсэн эмч, багшгүйгээс эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж тулгамдсан асуудал болоод байгааг иргэд хэлж байна. 

Зүүн бүсэд болсон зудын гамшигт мал олноор хорогдсон хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, “Шинэ хоршоо” хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа.

Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 06 дугаар сарын 14-ний байдлаар 5350 хоршоо байгуулагдаж, 632 нь 70 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Зүүн бүсэд тавь гаруй хоршоонд таван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Зүүн бүсэд мал аж ахуй, үйлдвэр технологийн парк байгуулах, дэд бүтцээр холбох томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Зүүн гурван аймагт сүүлийн хоёр жил дамнан байгалийн гамшиг, цас зуд тохиож мал ихээр хорогдсон. Энэ хүнд үед Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж, мал аж ахуйн салбарт, малчдад онцгойлон анхаарч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасныг нэр дэвшигч М.Ганхүлэг иргэдэд танилцуулсан.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Ц.Оюунгэрэл “Монгол бол мал аж ахуйн орон. Мал аж ахуйг төр, засаг нэгдүгээрт тавьж, анхаарал хандуулж байгаа нь маш зөв. Малчид бид төр эзэнтэй гэдгийг мэдэрч байна. Нэг жилийн хугацаанд эргэн төлөлт хийхгүйгээр зээл олгоно гэдэг бол сэтгэл гаргаж, нэгдэж нийлж чадвал малчдад зөв жишиг болно” хэмээн ярилаа.

Нэр дэвшигчдийн очсон сум бүрийн иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цар тахал, хямралыг амжилттай давахын сацуу олон жил төрд бугшсан, нам дамнасан бүлэглэлтэй хүний, өөрийнгүй тууштай тэмцэж, баялгийн сангаас иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг хоёр удаа олгож, улс орны хэмжээнд хуримтлагдсан өрийг дарж, “хүнд хэцүү байна” гэж зовлон тоочилгүй далд эдийн засгаас хэн нэгний халаас руу ордог байсан их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэврийн оновчтой бодлогын үр дүн нь хөдөөгийн малчдад шууд хүрч байгаа талаар иргэд ярьж байлаа. 

Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-аас нэр дэвшиж байгаа долоон хүнийг багаар нь бүтэн дэмжихээ Уулбаян, Түвшинширээ, Галшар сумынхан илэрхийлж, сонгуулийн сурталчилгаанд нь амжилт хүслээ.  



 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.