УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчдын уулзалтаа Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан суманд үргэлжлүүлэв.
Зүүн бүсэд нэр дэвшиж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан багт Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж буй. Тэд өнгөрсөн хугацаанд Засгийн газар, МАН-аас орон нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд болон зүүн бүс нутгийг хөгжүүлэх 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө иргэдэд танилцууллаа.
Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн томсгосон тойргийн давуу тал, МАН-аас зүүн бүс нутагт хийсэн болон хийх ажлууд, үүнийг ирэх дөрвөн жилд гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав.
Тухайлбал, нэр дэвшигч М.Ганхүлэг “Хөдөөгийн сэргэлт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нэг сарын дотор улсын хэмжээнд 3500 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, 40 тэрбум төгрөгийн санхүүжилтыг банкуудаас аваад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт орон нутаг руу, малчид, хөдөө аж ахуйн салбарынхан руу чиглэсэн “Цагаан алт”, "Хүнсний хувьсгал", “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Зүүн бүсийн эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй. Төрд малчдынхаа дуу хоолой болж ажиллахаа илэрхийлсэн.
Нэр дэвшигч М.Бадамсүрэн Дорнод аймгийн дулааны цахилгааны станцын хүчин чадлыг 50MBT-аар өргөтгөсөн. Намын мөрийн хөтөлбөрт Хэнтий аймагт шинээр ДЦС барьж, Сүхбаатар аймгийн ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг эрс сайжруулна. Энэ нь бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг хэлэв.
Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Чойбалсан,Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх боломж, шийдлийг нэр дэвшигч У.Отгонбаяр иргэдэд танилцуулсан.
МАН-ын нэр дэвшигч П.Анужин “Улс төр бол улстөрчийг сонгож гаргах төдий асуудал биш. Ирээдүйгээ сонгож буй хэрэг юм. Сүхбаатарчуудад ундны ус, эрүүл мэнд, сургууль гэх мэт тулгамдсан асуудлууд байна. Улсын бодлого заавал хүний хөгжил рүү чиглэх ёстой. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллаар дамжуулж хүнээ хайрлах бодлогыг бид хэрэгжүүлнэ. Багаараа тодорхой өөрчлөлт гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Нэр дэвшигч Л.Соронзонболд МАН 2024-2028 оны мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн орлогын албан татварыг таван хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлэхээр боломжийг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлав.
Нэр дэвшигч Ц.Идэрбат “Наран мандах Сүхбаатар аймгийнхаа сумдаар бид нар зөв тойроод явж байна. Биднийг сүхбаатарчууд багаар нь сайхан хүлээж авч байна. МАН-ын жагсаалтад багтсан нэр дэвшигчид дотор нэг ч УИХ-ын гишүүн, сайд байхгүй. Харин шинжлэх ухааны ажилтнууд, эрдэмтэн, багш, инженерүүдийн төлөөлөл багтсан. Намын дарга маань улс төрийн манлайлал үзүүлж, зүүн бүсдээ нэр дэвшиж байна. Ард түмний ялалтын төлөө биднийг багаар нь дэмжихийг хүсье” гэлээ.
Уулзалт бүр танхим дүүрэн хүнтэй болж байгаа бөгөөд иргэд "Өнгөрсөн сонгуулиар манай аймагт Ардчилсан нам ялсан ч суманд хийгдсэн бүтээн байгуулалт, улсын төсөв татсан зүйл алга”, “Энэ танхимд хөл гишгэх зайгүй цугларсан хүмүүсээс энэ сонгуулиар хүмүүс МАН-д ямар ач холбогдол өгч байгааг харж болно", “Одоо МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ", "Бусад нам, эвслээс ялгаатай нь МАН-аас нэр дэвшигчид боловсролтой, эр хүчтэй, эвтэй залуус байна” хэмээн ярьцгааж байв. Тухайлбал, Баяндэлгэр сумын иргэн Л.Сугаржав “Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зундаа мал ахуйгаа хариулж, сүү цагаагаа борлуулдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт хувиараа бизнеч эрхлэгчдийг дэмжих татварын бодлогууд туссан байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний их зөв гэж бодож байгаа. Манайх есөн айлтай нийлээд хоршоо байгуулж, зээлийн хүсэлтээ өгсөн байгаа. Багаар нь дэмжинэ” хэмээв.
Мөн зүүн бүсэд нүүрлэсэн зудын гамшигт малын хорогдол үлэмж хэмжээнд хүрсэн хүнд үед Засгийн газраас онцгой анхаарч малжуулах хөтөлбөр, “Шинэ хоршоо” хэрэгжүүлсэнд иргэд талархаж байлаа. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөө, орон нутаг руу чиглэсэн олон ажил хийсэн. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг нь төр хариуцахаар болсон, хөдөөд ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгосон, багш, эмч нарын цалинг 70 хувиар нэмсэн зэргээр хөдөө рүү чиглэсэн бодлогын олон ажил хийж байгаа нь малчдын бодит амьдралд шууд мэдрэгдэж байгаа талаар иргэд ярьж байлаа.
Тиймээс эдгээр ажлуудаа үргэлжлүүлж, шударга ёсны тэмцлээ илүү хүчтэй болгож, баялгийн өгөөжийг жирийн иргэд хүртэж эхэлсэн учраас эрч хүчтэй, залуу Ерөнхий сайдаар ахлуулсан МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь бүтэн дугуйлж, уухайлан дэмжихээ Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумынхан илэрхийлж байв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.