70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа

Админ
2024/06/12

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо өнөөдөр /2024-06-12/ иргэд, сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа.

Энэ сонгууль бол “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. МАН улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлаж байгаа юм.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах, авлигатай нам харгалзалгүй тэмцэх Та бидний хамтын эр зориг юм гэдгийг онцлов.

Засгийн газраас улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, бодлогын талаар Ерөнхий сайд товч танилцуулав. Үүнд:

 • Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрт илрүүлэгтээ хамрагдаж чадлаа.

  • Боомтын боомийг тайлж, экспортын гурван шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.
  • “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан системийн авлигыг таслан зогсоолоо.
  • “Оюу Толгой”-н Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, гүний уурхайг ашиглалтад оруулав.
  • “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, нүүрсний хулгайг илчилж, экспорт түүхэн амжилтыг тогтоолоо
  • Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрийг цэгцэлж, хаадын нэрээр гаргасан бондыг төлж, гадаад өрийн барьцаанаас чөлөөлөгдөв.
  • Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалыг Засгийн газар хүчингүй болгов.
  • E-Mongolia цахим засаглалыг нэвтрүүлж, тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангав.

Үүний үр дүнд Монгол Улсын ДНБ 37 их наядаас 68.9 их наяд төгрөг болж, гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч түүхэн амжилтыг тогтоов. Иргэдийн 1072 хувьцаа амилж, хуулийн дагуу ногдол ашгаа тогтмол хүртэж эхэлсэн юм. 

Мөн Увс аймагт 2016-2024 он улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 472.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

-Увс нуур-Улаангом чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, эхний үе шатны 26.3 км замын тендерийг зарлаад байна.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замыг хэрэгжүүлэхээр  тендер зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдэж байна.

-“Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, нийт 4,680 м2 талбайг шинээр барилгажуулан, нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин нэмэгдлээ.

-Өнгөрсөн дөрвөн жилд Увс аймагт 7 сургууль, 10 цэцэрлэг, 5 соёлын төв, 7 дотуур байр, 7 спортын заалны барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой хүүхдийн эмнэлэг, 4 сумын Эрүүл мэндийн төвийн байр шинээр барьж, эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг шинээр барьж байна.

-Олон жилийн хугацаанд гацаад байсан Увс аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


УИХ-ын сонгуулийн II тойрог буюу баруун бүс 10 мандаттай. Тус тойрогт МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дараалан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын ЭНХБОЛД, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын ЗАЯАБАЛ нарыг нэр дэвшүүлж буй бөгөөд Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.