-Байгалийн баялгаас ногдол ашиг хуримтлуулж, түүнийгээ орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулдаг байхаар төсөлд тусгажээ-
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.04.04) хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төсөлд тусгаснаар Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн 3 сангаас бүрдэх аж. Энэ санг Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загвараар байгуулахаар төсөлд тусгасан байна.
Үндэсний баялгийн санд байгалийн баялгаас ногдол ашиг бүрдүүлэх бөгөөд эндээс иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлал цуглуулна. Гэхдээ бэлэн мөнгө хэлбэрээр хувь хишиг хүртээхгүй. Харин иргэн бүрийн нэрийн дансанд ногдол ашиг хуримтлуулж, түүгээрээ орон сууцны хөтөлбөр, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулж болохоор зохицуулах юм байна. Монголчууд баялагтаа эзэн болох, хүн бүр байгалийн баялгаас үр шимийг нь хүртдэг болох хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хувьд бүхэлд нь дэмжин хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэлсэн юм.
Тэрээр:
-Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ. Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.
Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм.
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна гэв.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Ажлын хэсгийн гишүүд хариулт, тайлбар мэдээлэл өгсөн бөгөөд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан хариулахдаа:
-Нийт 16 ордыг стратегийн орд гэж УИХ-аар баталсан байдаг. Үүний 7 нь “Эрдэнэс Монгол”-д, үлдсэн 9 нь хувийн хэвшилд байна. Хувийн хэвшилд байгаа стратегийн орд өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төр 34 хувийг нь, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төрд 51 хувь нь байх ерөнхий зохицуулалттай. Тухайн ордууд УИХ, Засгийн газартай тогтоол гаргуулж хамтарч ажилласан тохиолдлууд байгаа юм. Жишээ нь Нарийн сухайтын нүүрсний орд 2005 оны долоодугаар сарын 4-ний өдөр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Гэрээний хугацаа нь дуусаад 9 жил болчихсон байна. Цагаан суваргын зэс-молибденийн орд гэхэд УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн шийдвэр гаргуулсан байна. Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд 1998 онд 15 жилийн тогтвортой байдлын гэрээ байгуулсан байгаа юм. Тэгэхээр хүний хувийн өмчийг хураах биш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын тогтоол, хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах болно. Тогтвортой байдлын гэрээ дууссан бол төр хувь эзэмшлээ авч, Баялгийн санд хуримтлал үүсгэнэ гэж үзэж байгаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.