70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын мөрийн хөтөлбөрт Монголын даатгалын салбар саналаа өглөө

Админ
2024/03/21

Монголын даатгалын холбооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нарт өнөөдөр хүлээлгэж өглөө.

Монгол Улсын даатгалын салбарт 2023 оны эцсийн байдлаар ердийн даатгагч 15,  урт хугацааны даатгагч 2, давхар даатгагч 1, зуучлагч компани 63, мөн 2416 төлөөлөгч, 1100 ажилтан ажиллаж байгааг Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул МАН-ын Нарийн Бичгийн дарга нартай уулзах үеэр танилцуулав. Тэд Монголын даатгалын салбарыг төр засгийн хэмжээнд ямар төвшинд харж үзэх шаардлагатай талаарх саналуудаа боловсруулсан байна. Даатгалын салбарыг бүхэлд нь томруулснаар тухайн байгууллага, хувь хүмүүс эдийн засгийн хувьд дархлаатай болж, ямар нэгэн шок болоход богино хугацаанд үйл ажиллагаа нь сэргэдэг байх ёстой гэж үзэж буйгаа Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул хэллээ.

Салбарын голлох үзүүлэлтүүд жилээс жилд өсөлттэй байгаа хэдий ч ДНБ-д эзлэх хувь тогтмол буюу 0.6 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас даруй 10 дахин доогуур үзүүлэлтэй байгаа аж. Иймд Монголын даатгалын холбооноос Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжтой саналуудаа боловсруулсан байна. Онцолбол, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн бодлогын арга хэмжээг урт хугацаанд хэрэгжүүлэх, ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрсдэл, эрсдэлийн удирдлагын хичээлийг ахлах ангиудад оруулах саналыг дурдав.

Түүнчлэн даатгалын салбарт хариуцлагын тогтолцоогоор дамжуулан мэргэжлийн хяналтын үүргийг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаагаа тус салбарын удирдлагууд онцолж байлаа. Тодруулбал, Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг учраас хоолны газрууд уурын угаагчтай байхыг шаардаж, ийм хэмжээний стандарт тогтоож, хянаж, даатгалын компаниудаас сертификат олгоод явбал монгол хүн хавдраар өвчлөх эрсдэл, эмчилгээнд зарцуулах их хэмжээний зардлыг бууруулах боломжтой гэсэн саналаа Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул чухалчилж байлаа.

МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа даатгалын салбарт олон жил ажилласан туршлагатай тул Монголын даатгалын холбооныхонтой онцгойлон санал солилцсон юм.

Тэрээр “Монголд даатгалын салбар үүсэж хөгжөөд 90 жил болж байгаа ч санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ нь ДНБ-ий 0.66 хувьтай байна. Уг нь 5 хувь болтлоо өсөх нөөц боломж байдаг. Манай улсын санхүүгийн салбар нь банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн 3 тулгууртай байх ёстой. Гэтэл банкны салбар энэ зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байхад даатгалын салбарын хөгжил нөөц хэмжээндээ огт хүрээгүй байна гэсэн үг. Энэ нь даатгалын компаниуд гэхээс илүүтэй иргэд даатгалын үр шимийг төдийлөн хүртэхгүй байгаа нь тэд даатгалын ач холбогдлыг сайн ойлгож мэдэхгүй байгаатай холбоотой юм. Даатгал нь богино, дунд хугацааны 2 төрөлтэй байдаг. Засгийн газрын зүгээс урт хугацааны даатгал дээр буюу Хувийн тэтгэврийн сангийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барсан байгааг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаа” гэв.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.