70001921
info@nam.mn
Мэдээ

103 жилийн түүхтэй “Монголын Үнэн” сонин анхны 6 дугаараа эмхэтгэн хэвлүүлжээ

Админ
6 цаг 39 минутын өмнө

Монгол Улсад 103 жил тасралтгүй хэвлэгдэн гарч байгаа цор ганц сонин бол Монгол Ардын намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонин юм. 2023 оны 11-р сарын 10-ны энэ өдөр 24.573 дахь дугаараа хэвлэн гаргаж уншигч олондоо хүргэж буй “Монголын Үнэн” сонин энэ өдрүүдэд 103 жилийн ойгоо тэмдэглэж байна. 

103 жилийн тэртээ Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид санаачилж, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Буяннэмэх тэргүүтэй бичгийн мэргэд анхны мэдээ, мэдээллээ бэлтгэн Эрхүү хотод “Монголын Үнэн” нэртэйгээр хэвлүүлэн Нийслэл хүрээнд оруулж ирсэн байдаг.

Энэ цаг үеэс “Монголын Үнэн” сонин Монгол түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудаж, Ардын засгийг байгуулалцаж, Анхдугаар Үндсэн Хуулийг нийтлэн таниулж, Бүх нийтийг бичиг үсэгт сургаж, 1939 онд Халхын голын дайнд дайчлагдаж, Монгол хэмээх улсыг байгуулахын төлөө нийтийн санал асуулыг явуулахад хамтарч, НҮБ-ын гишүүн орон болсон мэдээллийг анх удаа мэдээлж, Морин дэл дээр Монгол хүнийг сансарт нисгэж, Монгол улсын төмөр зам, агаарын тээврийн анхны тээвэрлэлтийг эхлүүлж, Монгол хүн олимпын аварга болоход, 1990 оны Ардчилсан хувьсгал ялахад, Монгол хүн үг хэлэх эрхээ эдлэхэд “Монголын Үнэн” сонины оруулсан хувь нэмэр их. 

Түүхэн энэхүү ойг угтан “Монголын Үнэн” сонины хамт олон 1920, 1921 онд хэвлэгдсэн анхны зургаан дугаарын эмхэтгэл хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очлоо. 1920-1921 онд анхны зургаан дугаар Эрхүү хотноо чулуун бараар хэвлэн гаргажээ. Эмхэтгэл ном нь 100 гаруй жилийн өмнөх үйл явдлыг дахин сэргээн мэдээлж байгаа гэдэг утгаараа крилл болон монгол бичгээр хэвлэгджээ.

Анхны зургаан дугаарын эмхэтгэлийг Түүхийн ухааны дэд доктор Д.Даш агсны судалгаан дээр тулгуурлан хэвлүүлжээ. Стратеги академийн захирал, Улс төр судлалын доктор Д.Бумдарь, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжлэг үзүүлжээ. 





Сонины нээлтэд “Монголын Үнэн” сонины үе үеийн ахмад сэтгүүлчид уригдан оролцлоо. 









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.