Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын Албаны баг бүрэлдэхүүн 09 дүгээр сарын 11-23-ыг хүртлэх хугацаанд Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 130 гаруй сумуудад ажиллаж, “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож байна.
Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх О.Номинчимэг, Цахим хөгжил, Харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан тэргүүтэй баг Говь-Алтай аймгийн Тайшир сумын намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн Реформ”, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол Ардын Намын бодлого үйл ажиллагааг танилцууллаа.
Уулзалтын үеэр Тайшир сумын иргэд хөдөө орон нутгийг хөгжүүлэх гол үндэс нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг чухалчлах, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг ажлын байртай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг хүслээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд шийдвэрлэвэл зохих нэг асуудал нь Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох, эзэнгүйрч буй хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих нь чухлаар тавигдаж байгаа билээ. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хөдөө орон нутгийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийн ажлыг эхлүүлсэн.
Тодруулбал орон нутаг руу ажлын байр шилжүүлэх зорилгоор Аа ахуй нэгжүүдэд 500 хүртэл сая төгрөгийн зээлийг, жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Иргэдэд 50 хүртэл сая төгрөгийн зээлийг дээрх нөхцөлөөр мөн олгох явдал. Ингэснээр орон нутагт жилдээ 2000-4000 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байгаа юм.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс хөдөөг хөгжүүлэх нэгдсэн том бодлого боловсруулан хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг сайшаав.
“Нээлттэй нам” уулзалтад Тайшир сумын Хуримт, Галуут, Далан багийн нийт 200 орчим иргэд оролцсон бөгөөд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтүүдийг нь сонссон юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.