70001921
info@nam.mn
Мэдээ

Говь-Алтай аймагт 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Админ
2023/09/04

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Говь-Алтай аймагт ажиллаж Есөнбулаг суманд шинээр ашиглалтад орж байгаа 10 Мвт-ын хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүллээ. 

“Сэрвэн” нарны цахилгаан станц нь жилд 18.4 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд үүний үр дүнд Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянган иргэний эрчим хүчний хангамж сайжирч байгаа юм. 

Нарны цахилгаан станц ашиглагдаж эхэлснээр Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөц улам нэмэгдэх боломжтой. Учир нь нартай үед нарны цахилгаан станцаа ажиллуулах бөгөөд нар орсны дараа Тайширын усан цахилгаан станц ажиллаж эхлэх юм. 

Дашрамд дурдахад Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 гаруй ААН-ийг эрчим хүчээр хангаж байна. “Сэрвэн” нарны цахилгаан станц, Тайширын УЦС дээр нэмэгдээд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС баригдвал манай улс эрчим хүчний салбарт том алхалт хийгдэж эрчим хүчний хувьд хараат бус болох стратегийн нүүдэл хийгдэнэ. 

Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Шинэ сэргэлтийн 5 тойрог” төслийг баталсан. Уг төслийн хүрээнд Авто замын дэд төслүүд, Эрчим хүчний дэд төслүүд, Дулаан хангамжийн дэд төслүүд, Орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүд хэрэгжинэ.

Говь-Алтай аймагт ажиллах үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ Төрийн алба улс төржихгүй хуулийн хүрээнд ажиллах, зөрчвөл хатуу хариуцлага тооцдог байх зарчим үйлчлэх ёстойг онцлоод иргэдийн тавьсан зарим асуудал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 











ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.