70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа

Админ
2023/09/02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад энэ сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд төрийн айлчлал хийж байна. 



Өнөөдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон. Манай улсын гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал нь даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.   

Өнгөрсөн 2022 онд Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой болсон хэдий ч хоёр улсын харилцаа найман зууны тэртээгээс эхлэлтэй. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүний айлчлал Монгол Улсыг дэлхий дахинаа илүү тодоор таниулахад том түлхэц болж байна гэж судлаачид дүгнэж байна. Учир нь түүний энэ удаагийн айлчлалыг сурвалжлахаар гадаадын 150 гаруй сурвалжлах групп манай улсад ирээд байгаа юм. Мөн үүнээс гадна 09-р сарын 03-ны өдөр “Степп Арена”-д болох гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцохоор 3500 гаруй хүн албан ёсоор бүртгүүлжээ. 

Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлого үнэхээр үсрэнгүй байж дэлхий дахины анхаарлын төвд байна. Зөвхөн 2022-2023 онд л гэхэд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Францын Ерөнхийлөгч Макрон, ДЭМБ-ийн Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус Монгол Улсыг зорьж айлчлан ирсэн. Мөн өнгөрсөн 7-р сард дэлхийн улс орнуудын эмэгтэй Гадаад Хэргийн сайд нарыг нэгэн дээвэр дор хуран цуглуулж чадсан. Тэгвэл өнөөдөр Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хийх айлчлалаа албан ёсоор эхлүүлэв.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад ирсэн нь түүнийг бишрэн шүтдэг 1.5 тэрбум хүний анхаарлын төвд Монгол Улс шууд орно гэсэн үг юм. Мөн эдийн засгийн хувьд ч эерэг нөлөөтэйг онцлох байна.







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.