70001921
info@nam.mn
Мэдээ

ICAPP-ЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Админ
2023/08/05

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал манай улсад амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн байгууллагын “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлан гаргав. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж үг хэлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар хааж үг хэллээ.



Энэ удаагийн хурал хоёр үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт ICAPP-ын Залуучуудын VI хуралдааныг “Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө залуучуудыг нийгмийн харилцаанд оролцуулах тухай” сэдвийн хүрээнд өрнүүлсэн. Улмаар ICAPP-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Н.Учралыг сонгосон юм. Ингэснээр оролцогчид залуучуудын сэдвээр илтгэл сонсон, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үдээс хойших хуралдааны гол сэдэв эмэгтэйчүүдийн асуудал байлаа. Тодруулбал, хурлын хоёрдугаар хэсэгт ICAPP-ын Эмэгтэйчүүдийн VII хурлын эхэнд тус байгууллагын тэргүүнээр Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын социал демократ Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг ICAPP-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгосон юм. Улмаар “Цар тахлын дараах сэргэлтийн жендэрийн оролцоог хангасан эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал нь дэргэдээ Залуучууд, Эмэгтэйчүүд, Бизнесийн, Аялал жуулчлалын гэсэн үндсэн дөрвөн зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээрээс Залуучууд болон Эмэгтэйчүүдийн байгууллагыг ийнхүү МАН-ын Удирдах зөвлөлийн хоёр гишүүн цаашид удирдахаар болж байна.

Залуучуудын VI хурлын хүрээнд илүү тогтвортой, эрх тэгш нийгмийг төлөвшүүлэхэд залуучуудаар удирдуулсан, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих замаар бүс нутгийн залуучуудын эв санааны нэгдлийг улам гүнзгийрүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдсэн. Түүнчлэн мэдээллийн технологи, боловсрол, сургалт, эрүүл мэндийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах, залуучуудад тогтвортой хөдөлмөрийн зах зээлийг бий болгоход Засгийн газар, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн зэрэг бүх талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг уриалав.

Харин “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгоход эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлт болон хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дэмжих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Илтгэгчид болон зочин төлөөлөгчдийн зүгээс эмэгтэйчүүдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах, улмаар шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлж, парламент дахь суудлын тоог олон болгох нь чухал байгаатай санал нэгдэж байв. Үүний тулд эрх баригч улс төрийн намууд санаачилгатай ажиллах шаардлагатай бөгөөд тэдний цаашдын алхам ирээдүйд эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэхэд чухал түлхэц болохыг тодотголоо.




ICAPP-ын хоёр салбар хуралдааныг зохион байгуулах эрхийг Монгол Улсад төдийгүй МАН-д олгосны дагуу ийнхүү болж өндөрлөв. МАН-ын хувьд 2004 оноос ICAPP-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2013 онд Байнгын хорооны гишүүнээр элссэн юм. Улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллагын хоёр салбар хуралдаан манай улсад анх удаа болсон нь энэ юм.

Ийнхүү 52 орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн ази тивийн хамгийн том байгууллагын төлөөлөл болсон 21 орны, улс төрийн 28 намын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж чуулснаар залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг дэлхий нийтийн анхааралд оруулж чадлаа.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.