70001921
info@nam.mn
Мэдээ

Ази тивийн улс төрийн 28 намын төлөөлөл Улаанбаатарт чуулна

Админ
2023/08/04

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын залуучуудын VI дугаар, эмэгтэйчүүдийн VII дугаар хурал Улаанбаатар хотноо болно

Азийн хамгийн том улс төрийн намын  байгууллага болох ICAPP-ын салбар хуралдаан энэ сарын 4-7-нд Улаанбаатар хотод болно. Тус байгууллагын ээлжит хуралдааны  хоёр салбар хуралдааныг зохион байгуулах эрхийг МАН авсан юм. Үүний дагуу  залуучуудын VI, эмэгтэйчүүдийн VII  салбар  хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулахад бэлэн боллоо. Тус байгууллагын гишүүн болох Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намаас олон улсын 21 орон,  улс төрийн 28 намын төлөөлөл манай улсад болох салбар хуралдаанд оролцохоор хүрэлцлээ. ICAPP  байгууллагын хувьд  2000 онд Филиппин улсын тухайн үеийн парламентын дарга үүсгэн байгуулсан бөгөөд улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын илтгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгуулага юм.  

Энэхүү байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр 2018 оны байдлаар бүс нутгийн 52 орны 350 гаруй улс төрийн нам гишүүнээр элсээд байгаа юм.  БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал / ICAPP /-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэн гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа Монгол Улсаас  МАН, АН, ХҮН нам тус байгууллагын гишүүн.Манай Улсаас хамгийн анх МАН 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож,  2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Ро Бюун 2019 оны зургадугаар сард Монгол Улсад айлчлахдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзсан юм. Тухайн үед  2020 оны  дөрөвдүгээр сард Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын хоёр салбар  хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилгыг гаргасан. Уг санаачилгын дагуу Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Малайз Улсад зохион байгуулагдсан 33 дугаар хурлаараа уг санаачилгыг зөвшөөрчээ. ICAPP байгууллагаас тодорхой шаардлага, шалгуур тавьж  түүнд нийцэж буй эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр салбар хуралдаан зохион байгуулах эрхийг олгодог. Тухайлбал, Монгол Улс цар тахлыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулсан туршлага, тэр дундаа  цар тахлын үед болон цар тахлын дараа хүн амдаа зориулан авч хэрэгжүүлсэн бодлого зэрэг олон шалгуур үзүүлэлтэд үндэслэн энэхүү хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улс болон МАН-д олгосон юм. Цар тахлын улмаас хоёр жил хойшилсон Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдаан маргааш эхэлнэ. Залуучуудын  VI   хурал  “Цар тахлын дараах нийгэм эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг оролцуулах нь”,  эмэгтэйчүүдийн VII хурлыг “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор өрнөх юм.  

Ази тивд үүсэн байгуулагдсан он цагийн тооллоороо МАН хамгийн ууган улс төрийн хүчин бөгөөд Монгол Улсын Гадаад бодлогын болоод Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын суурь баримт бичгүүдэд нийцүүлж Монгол төрийн гадаад бодлогын үндсэн зорилго, зарчим чиглэлтэй уялдуулсан олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд хөрш орнуудын улс төрийн хүчин болон  бүс нутгийнхаа эрх баригч намууд, уламжлалт чиглэлийн нам болон Социнтернийн гишүүн намуудтай гадаад харилцаагаа хөгжүүлэн хамтран ажилладаг. Дашрамд дурдахад, МАН өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс төрийн хүчинтэй хамтран ажиллаж байна. 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.