70001921
info@nam.mn
Мэдээ

М.Цэлмүүн: ICAPP-ын салбар хурлууд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой

Админ
2023/08/04

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/-ын Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII салбар хурлыг энэ сарын 4-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйтай холбогдуулан МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүнтэй ярилцлаа. 

Олон улсын салбар хурлын талаарх мэдээллээс өмнө сүүлийн жилүүдэд МАН-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж буй талаар тодруулах нь зүйтэй болов уу? 

МАН-ын хувьд гадаад харилцааны асуудлаа голлох чиг үүргийн нэг гэж үзэж, намын шат шатны удирдлагууд онцгой анхаарал хандуулан ажилладаг. Сүүлийн жилүүдэд манай намын гадаад харилцаа, хамтын ажиллагаа нэлээд эрчимтэй өргөжиж, бодит ажлуудыг хийж байна. Үүний нэг жишээ нь Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын салбар хуралдаануудыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа явдал юм. МАН өнөөдөр олон улсын 50 гаруй улс төрийн намуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, “эгч дүүс” намуудын түвшинд ажиллаж байна. Түүнчлэн олон улсын намуудын нэгдэл холбоодод өндөр байр суурьтай, идэвхтэй оролцож байна. Жишээлбэл, Дэлхийн дэвшилтэт намуудын нэгдлийн удирдах зөвлөлд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар сонгогдон ажиллаж байна. Мөн Зүүн төвийн үзэл баримтлалтай намуудын нэгдэл болох Соц Интернийн Ази Номхон далайг хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн жил сонгогдсон. Түүнчлэн Азийн улс төрийн намуудын бага хурал болох ICAPP байгууллагын шийдвэр гаргах түвшинд буюу удирдах зөвлөлд МАН-ын төлөөлөл багтаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог зэрэг олон жишээг дурдаж болно. 

МАН гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой анхаарч, тодорхой үр дүнд хүрч буйг харуулах томоохон үйл явдал саяхан болсон. Тодруулбал, ХБНГУ-ын эрх баригч Социал демократ намын дарга МАН-ын даргын урилгаар өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсад айлчлал хийсэн. Тухайн үед хоёр намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь томоохон, онцлох үйл явдал юм. Учир нь, ХБНГУ-ын Социал демократ нам өмнө нь Ази тивийн аль нэг намтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулж байгаагүй юм билээ. Тиймээс Азиас МАН тус намтай санамж бичиг байгуулсан анхны нам болсон. Энэ утгаараа МАН Зүүн төвийн үзэл баримтлалтай намуудын дунд, Ази тивдээ тэргүүлэх байр суурийг эзэлж байна гэж хэлж болно. 

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал буюу ICAPP байгууллагын үйл ажиллагаа, зорилго чиглэлийн талаар мэдээлэл өгнө үү? 

2000 онд Филиппин улсын тухайн үеийн парламентын дарга энэхүү ICAPP байгууллагыг үүсгэн байгуулсан. Азийн өөр өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор үүсгэн байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үзэл баримтлал хамаарахгүйгээр Азийн 50 гаруй орны 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэж, Азидаа хамгийн том улс төрийн намуудын байгууллага болсон. Дэлхийн түвшинд Африк, Латин Америк болон Европын намуудын нэгдэлтэй хамтын ажиллагаатай байдаг. Тиймээс зарим хурлыг хамтарч зохион байгуулдаг. Олон улсын энэхүү байгууллага нь Азийн улс төрийн намуудын нэгдэл боловч гишүүн намуудаараа дамжуулан Ази тивийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөгжүүлэх зорилготой томоохон байгууллага юм.

МАН тус байгууллагад хэдэн онд гишүүнээр элсэн орсон бэ. Ер нь ямар байр суурь, оролцоотой байдаг вэ?

- 2004 онд Монгол Улсаас хамгийн анх МАН тус байгууллагын гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, улмаар 2013 оноос хойш удирдах зөвлөлд нь багтан ажиллаж байна. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгддэгээрээ онцлогтой.

Ямар шаардлага, шалгуур хангаж байж ICAPP-ын салбар хурлыг эх орондоо зохион байгуулах эрхтэй болдог вэ? 

Энэ сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулах Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын салбар хурал болох залуучууд болон эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулах эрхийг өмнөх хурлаар МАН авсан. Тухайн үед Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Ро Бюун Монгол Улсад айлчлал хийсэн юм. Тэр үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уг хоёр салбар хурлыг эх орондоо зохион байгуулах саналыг тавьж, улмаар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн юм. Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан боловч цар тахлын улмаас хоёр жилээр хойшлогдож, өдгөө болох гэж байна. 

ICAPP байгууллагаас тодорхой шаардлага шалгуур тавьж, түүнд нийцэж буй эсэхийг харгалзан үзэж байж салбар хурал зохион байгуулах эрх олгодог юм билээ. Тухайлбал, Монгол Улс цар тахлыг богино хугацаанд хохирол багатай даван туулсан туршлага мөн МАН эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад манлайлан оролцож шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд оролцох боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Түүнчлэн залуучуудыг улс төр, шийдвэр гаргах түвшинд татан оролцуулж, улмаар нийгэм, эдийн засгийн бодлого үйл ажиллагаанд дуу хоолойг нь тусгаж буй зэрэг дэвшилтэт шийдвэр, арга барил, бодлого чиглэлийг харгалзан үзсэн болов уу. Өөрөөр хэлбэл, МАН-ыг залуучууд болон эмэгтэйчүүдийн чиглэлд бодит ахиц дэвшилттэй ажиллаж чадаж байна гэж үзсэн учраас тухайн хоёр салбар хурлыг зохион байгуулах эрх олгосон гэж ойлгож байна. Энэхүү шийдвэр нь МАН-ыг олон улсын болон бүс нутгийн хэмжээнд үлгэр дуурайл болохуйц хэмжээнд ажиллаж буйг нотолж буй нэг илрэл юм.

Тухайн хоёр салбар хурлыг эх орондоо зохион байгуулснаар ямар үр дүн гарна гэж харж байна вэ? 

Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон үр өгөөжтэй байна. Залуучуудын болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, залуучуудын идэвх, оролцоог сайжруулах чиглэлээр туршлага солилцож, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломж бүрдэнэ. Ерөнхийдөө тус байгууллагын салбар зөвлөлүүдээр дамжин тодорхой хэмжээний ахиц дэвшил гарна. Тухайлбал, тус байгууллагын Аялал жуулчлалын зөвлөлөөр дамжин манай улсын аялал жуулчлалын салбарт Ази тивийн улс орнуудын дэмжлэг, туслалцаа орж ирэх боломжтой гэсэн үг.  

ICAPP ямар чиглэлийн, хэдэн салбар зөвлөлтэй байгууллага вэ? 

Залуучууд, эмэгтэйчүүд, аялал жуулчлал, бизнесийн зэрэг олон зөвлөлтэй. Эдгээр зөвлөл нь намуудаар дамжуулан Азийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн бататган өргөжүүлэх зэрэг олон талын чиглэлд ач холбогдол өгч, анхаарч ажилладаг. Товчхондоо, Ази тивийн улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах чиглэлд ажилладаг. 

Эмэгтэйчүүдийн болон залуучуудын салбар хуралдаанд оролцогчид ямар сэдвийн хүрээнд чуулах вэ. Хуралд хэдэн улсын улс төрийн нам оролцохоор байна вэ? 

-Залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөх энэхүү олон улсын хуралд одоогоор 21 улс орны улс төрийн 30 нам оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Турк, Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Пакистан, Малайз, Ирак, Гүрж, Мьянмар, Балба, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг Азийн улс орноос гадна Африк, Европ тивийн улс төрийн намын төлөөлөл оролцоно. 

Хоёр салбар хуралд оролцогчид “Цар тахлын дараах жендэрийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”, “Цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн хөгжилд залуучуудыг хэрхэн татан оролцуулах вэ” гэдэг сэдвийн хүрээнд чуулна. Мөн бусад улс орны улс төрийн намуудын туршлагаас судлах боломж нээгдэнэ гэж харж байна.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.