70001921
info@nam.mn
Мэдээ

"Нээлттэй нам" уулзалт, хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт

Админ
2023/06/15

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын Алба 06 дугаар сарын 18-ныг хүртэл Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг хийж иргэдийн санал бодлыг сонсож байна. 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа.   

Уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, Сангийн дэд сайд Мөнгөнчимэг, УИХ-ын дахь бүлгийн Ажлын албаны дарга Д.Далхаасүрэн нар оролцлоо

Монгол улсад сүүлийн жилүүдэд шийдвэрлэвэл зохих нэг асуудал байгаа. Энэ бол Улаанбаатар хот уруу чиглэсэн их нүүдлийг зогсоож эзэнгүйрч байгаа хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас “Шинэ  сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хөдөө орон нутгийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийн ажлыг эхлүүлээд байгаа. Орон нутаг руу ажлын байр шилжүүлэх зорилгоор ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Зээлийн хугацаа 5 жил байх бөгөөд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгож, зээлийн зөрүүг улсын төсвөөс олгох юм. Иргэдэд мөн 50 хүртэл сая төгрөгийн зээлийг дээрх нөхцөлөөр олгох юм байна. Ингэснээр хөдөө орон нутагт жилдээ 2000-4000 ажлын байр шинээр бий болно.

Иргэдийн хувьд хөдөөг хөгжүүлэх нэгдсэн том бодлого боловсруулан хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд үе үеийн Засгийн газраас хамгийн сайн ажиллаж байгааг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэж тодорхойлж байна. 

Уулзалтын үеэр цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар асууж байсан юм. 2022 оны байдлаар улсын хэмжээнд нийт 225 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх зарчмыг баримталдаг. 2017-2020 онд 4-5 удаа 4-8 хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн. 

07-р сарын 01-нээс Төрийн нийтлэг үйлчилгээний 59 мянга, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын цалин 15-30 хувиар нэмэгдэнэ. Харин 10-р сарын 1-нээс Төрийн захиргааны 23.0 мянга, Төрийн мэргэжлийн үйлчилгээний 93 мянга, Төрийн нийтлэг үйлчилгээний 58 мянга гээд нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ. Боловсрол, Эрүүл мэнд, Соёл, Шинжлэх ухаан, Спортын салбарын үндсэн цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөг болох бол Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн суурь цалингийн хэмжээ 750.000 төгрөг болж нэмэгдэнэ. Энэ удаа төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэхгүй юм байна. 

Дашрамд дурдахад Сүхбаатар аймаг нь 66.000 хүн амтай бөгөөд 3.800 гаруй төрийн албан хаагчтай. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.