Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас намын гишүүд, дэмжигчид, иргэдэд намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг 06 дугаар сарын 13-18 ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол Ардын Намын Намын Байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р үүрийн ахмад гишүүн 82 настай Баярын Нацагдорж гуайнд зочилж намын үйл ажиллагаа, Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.
Мөн тэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р үүрийн ахмад гишүүн 80 настай Алтын Буяндэлгэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р үүрийн ахмад гишүүн 83 настай Нацагдоржийн Цэвээнжаргал гуай нарт хүндлэл үзүүлж намын бодлого шийдвэрээ дуулгаж сургаалын үгийг нь сонслоо.
2022 онд Засгийн газрын 362 дугаар тогтоол гарч уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бодитой бий болгох, үнийг нэмэгдүүлж орлогыг сайжруулж улмаар татвар төлөлтийг нэмэгдүүлэх бодлогыг давхар баримтлан ажилласан. Үр дүнд нь 2023 оны 1-р улиралд төсвийн орлого давж, эхний 4 сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлт нь Ази тивдээ тэргүүлэх эдийн засгийн өсөлт юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ 6 дахин өссөн нь цалин, тэтгэвэр нэмэх гол үзүүлэлт болсон.
Засгийн газраас тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, үнийн өсөлттэй уялдуулж 10 хувиар нэмэгдүүлсэн. Тэтгэврийн нэмэгдэлд зориулж 394 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 496 мянга гаруй ахмадууд хамрагдана. 07 дугаар сарын 01-нээс эхлэн тэтгэвэр нэмэгдэнэ.
Ахмад гишүүд Засгийн газраас тэтгэвэр нэмж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Ардын Намаас хэрэгжүүлж байгаа Хөдөөгийн сэргэлт, 5Ш хөтөлбөрийг дэмжин сайшаалаа. Хамгийн гол нь парламентыг илүү хүчтэй нөлөөлөлд автаад байдаггүй, эмэгтэйчүүд болон нийгмийн бүх төлөөлөл орох нөхцөлийг бүрдүүлсэн хууль батлагдсан явдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа.
Орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтын үеэр 2020-2024 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэл, биелэлтийн талаар мэдээлэл өгөхөд энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.