70001921
info@nam.mn
Мэдээ

Монгол Ардын Нам, Фридрих-Эбертийн сангийн хамтарсан "Эмэгтэй улс төрчдийн сургалт" эхэллээ

Админ
2023/06/08

Монгол Ардын Нам, Фридрих-Эбертийн сан хамтран улс төрд бэлтгэж байгаа эмэгтэйчүүддээ манлайллын болон нөлөөллийн ур чадварыг нь дэмжих зорилгоор “Эмэгтэй улс төрчдийн сургалт”-ыг зохион байгуулж байна. Социал демократ үзэл баримтлалтай Монгол Ардын Намын хувьд бодлогынхоо дагуу нийгмийн бүх төлөөллийн тэгш оролцоог хангах, тэдний хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлыг ойлгон ажилладаг. 

Тиймээс намын дүрмэндээ намын удирдлагын бүх шатанд аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас багагүй байхаар тусгасан. Одоогийн байдлаар намын удирдах шатанд ажиллаж байгаа 1913 ажилтны 24 хувь нь эмэгтэй байгаа нь хүйсийн тэнцвэрийг хангах талаар бүхий л түвшинд ажиллах шаардлагатайг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл дан ганц квот тогтоох бус эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг тогтмол явуулах нь чухал.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа “Жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайлан”-аа Жендэрийн Үндэсний хорооны ажлын албанд хүргүүлсэн. Мөн жендэрийн бодлогын баримт бичгийн төслөө хэлэлцэж, намын Бага хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Бага хурлаар батлагдвал Хяналтын ерөнхий хорооны дэргэд Жендэрийн дэд хороо байгуулах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. УИХ-аар хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэгт хүйсийн тэнцвэрт байдлыг хангах талаар заалтуудыг оруулаад байна. Тухайлбал, Засгийн газраас Сонгуулийн тухай хуульд “жагсаалтаар нэр дэвшигчийн нэрсийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулна” гэсэн санал боловсруулсан. Эдгээр квоттой холбоотой заалтууд чухал хэдий ч Монгол Ардын Нам эмэгтэйчүүдийн идэвх оролцоог хангах бусад ажлуудыг заавал хийж байж бодит үр дүнд хүрнэ гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. 

Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс “Өнгөрсөн жилийн сургалтад улстөр бол зөвхөн эрэгтэйчүүдийн асуудал биш гэсэн сэдвээр орж байсан бол энэ удаа хүйсийн тэгш байдлыг хангах зорилго тодорхой хэмжээний шат ахиж буй цаг үед болж байгаагаараа онцлогтой” гэв. Социал демократ үзэл баримтлал бол томоохон лобби хийх боломжгүй ч өөрийн гэсэн дуу хоолойгоо илэрхийлэхийг эрмэлздэг хүмүүсийг олж харж, хамтран ажиллаж чаддагаараа онцлог гэдгийг дурдаад Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн урилгаар Монгол Улсад анх удаа ХБНГУ-ын Социал демократ намын дарга, Бундестагийн гишүүн Ларс Клингвайл энэ сарын 08-11-ний өдрүүдэд айлчилж байгаа нь  хоёр намын хамтын ажиллагаа, харилцааг шинэ түвшинд гаргах боломж бүрдэнэ гэж итгэж буйгаа тодотголоо.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.