Монгол Ардын Нам, СДМЭХ эмэгтэйчүүдээ чадавхжуулах, улс төрд бэлтгэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 04 дүгээр сард “Манлайлагч 350” хөтөлбөр хэрэгжүүлж 21 аймгийн 350 эмэгтэйг хамруулсан.
Хөтөлбөр сургалт, видео контент гэсэн 2 үе шаттай хэрэгжсэн бөгөөд социал демократ эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан юм. Тэгвэл энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Манлайлагч 350” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Амарбат үг хэллээ. Д.Амарбат: "Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хороо дэргэдээ “Манлайлал 50/50” клубыг байгуулж, жендэрийн шилжилтийг дэмжсэн орчин үеийн нам болж төлөвшихөд оролцох, дотоод соёлыг өөрчлөхөд манлайлж ажиллаж байна” гэлээ.
Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, Политкоммс институтын захирал Ц.Билгүүн нар жендэрийн тухай болон улс төрд олон нийт, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт орлоо.
Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэд байгуулагдсан “Манлайлал 50/50” клубыг аймгийн СДМЭХ-ны дэд тэргүүн Л.Амаржаргал ахалж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Иргэд, гишүүд дэмжигчид Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тэр дундаа “Хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн асуудлыг дэмжиж байна. Мөн өнөөдрийн хамгийн халуун сэдэв болчихоод байгаа Үндсэн Хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэхийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.