Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга У.Өнөрцэцэгтэй ярилцлаа.
-Та Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар сонгогдоод удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлсэн бэ?
-Миний бие Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар өнгөрсөн нэгдүгээр сард сонгогдсон. Манай дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал намын хорооны дэд даргаар намайг сонгохдоо жендэрийн эрх тэгш оролцоог хангах зарчмыг баримталсан. Ажил хүлээн аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон ажлыг бид багаараа хийлээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, ХНХ-ны хурлыг хуралдууллаа. Дүүргийн намын хорооны гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам өгөх зорилгоор таван удаагийн томоохон арга хэмжээнд 5000 гаруй гишүүнээ хамруулж “Ухаалаг намаас-Ухаалаг дүүрэг 5G” Хөгжлийн санаачилгаа танилцуулан, зохион байгууллаа. Мөн дүүргийн намын хорооны дэргэдэх СДМЭХ, СДМЗХ, Ахмадын холбоо, СДМОХ зэрэг төрийн бус байгууллагынхаа хурлыг хуралдуулж бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинэчилсэн. Ингэхдээ ТББ-ын салбар зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгохдоо жендэрийн эрх, тэгш байдлыг хангаж, квотын 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх зарчмыг баримталсан. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн ИТХ-д манай намаас таван төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Үүний хоёр нь эмэгтэй, НИТХ-д нэг төлөөлөгч, УИХ-д гурван гишүүн сонгогдсоноос нэг эмэгтэй. Манай Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны тухайд парламентад ч, орон нутагт ч жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллаж байна.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?
-Бид дүүргийн СДМЭХ-ны салбар зөвлөлийг байгуулахдаа зөвхөн дүүргийн гэж хязгаарлахгүй салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг урьж, Тэргүүлэгчээр ажиллуулж байна. Энэ нь шийдвэр гаргах түвшинд мэдлэг, туршлага, боловсролтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдээ бэлтгэн гаргах бодлого барьж ажиллаж байна. Манай намын хорооноос эмэгтэйчүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар эхний ээлжид судалгаа хийж байна. Судалгаанд үндэслэн цаашид ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө гаргана.
-“Манлайлагч 350” сургалтад танай дүүргээс эмэгтэйчүүдийн хэдэн төлөөлөл оролцов. Хэр үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байна вэ?
-Манай дүүргийн намын хорооноос энэ сургалтад 11 эмэгтэй хамрагдлаа. Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдийн сэтгэгдэл өндөр байгаа. СДМЭХ-ноос НҮБ-тай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн сургалтын агуулга өргөн, мэдлэг, мэдээлэл ихтэй, зохион байгуулалт сайтай сургалт боллоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.