“Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал” болон ‘’Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд болох “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” хоёр өдрийн олон улсын форум өнөөдөр эхэллээ.
Тус форум нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, ялангуяа улс төрийн намуудын үүрэг, манлайллыг нэмэгдүүлэх талаар голчлон хэлэлцэх юм. Форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Койка) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНУ, Их Британи, Швед, Тайланд, Латви, Босни Герцеговина зэрэг улсуудын судлаачид, Монгол Улсын улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.
1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь хэдийгээр манай улсын хэмжээнд түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур байгаа. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх асуудал өнөөдөр ч зайлшгүй ярьж, хөндөж байх ёстой асуудал юм.
Форумын үеэр Улсын Их Хуралд суудалтай Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН-ын удирдлагууд оролцож “Намын дотоод ардчилал, жендэрийн тэгш байдлыг хангах арга зам - Монгол Улсын туршлага” сэдвийн хүрээнд хэлэлцэж өөр өөрийн намын бодлого, цаашдын зорилтоо танилцуулав.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Монгол Ардын Нам Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд Жендэрийн тэгш байдлыг зохих түвшинд аваачихыг эрмэлзэж байгаа. Нэр бүхий гишүүдийн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд холимог тогтолцоогоор сонгууль явагдсан тохиолдолд жагсаалтаар орж ирэх нэрсийг 1:1 буюу нэг эрэгтэй, эмэгтэй гэсэн эрэмбэтэйгээр оруулж ирэх саналыг дэвшүүлсэн. Энэ зарчмаар явбал ирэх парламент хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломж бий. Өөрөөр хэлбэл УИХ-ын 4 гишүүн тутмын 1 нь эмэгтэй байх боломжийг МАН санаачилж, үр дүнтэй болгохоор ажиллаж байна” гэлээ.
Асуудлыг хэлэлцэж, ярилцаж, судалж байна гэдэг бол нэг том алхам. Харин одоо бодит байдал дээрх гүйцэтгэл чухал. Энэ ч утгаар Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН, ИЗНН, Монголын Ногоон нам, Шинэ нам, Монголын Социал Демократ нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам гэсэн улс төрийн 10 намын удирдлагууд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт”-д гарын үсэг зурлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.