Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 21 аймаг, 9 дүүргийн эмэтэйчүүдийн төлөөллийг хамруулсан “Манлайлал 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж байгаа юм.
Эхний ээлжийн сургалтад Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгаас эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон бол хоёрдугаар ээлжийн сургалтад Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймаг болон Багахангай, Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй эмэгтэй хамрагдлаа.
Хоёрдугаар ээлжийн сургалтад Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг зочноор оролцож жендэрийн тэгш байдал, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь хүний ёс зүй, эмэгтэй хүн өөрийгөө нийгэмд хэрхэн бэлдэх гэх мэт олон сэдвээр чөлөөтэй ярилцсан юм.
Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэсэн ч нийгмийн идэвхтэй хэсгийн дөнгөж 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ ч утгаар нийгэмд Социал Демократ эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1 жилийн хугацаатай тус хөтөлбөрийг эхлүүлсэн.
Нийгэмд шударга ёс, нийтийн сайн сайхны төлөө нэгдэж хүний эрх, тэгш боломжийг түгээн дэлгэрүүлдэг хүмүүс бол эмэгтэйчүүд. Улс төр, нийгмийн бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр түвшинд байгаа улс орон хүчирхийлэлгүй, хүний эрх бүрэн хангагдсан, төрийн үйл хэрэг иргэн уруугаа чиглэсэн байдаг.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.