Монгол Ардын Нам, СДМЭХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Манлайлал 350” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр сургалт, видео контент гэсэн 2 үе шаттай хэрэгжих бөгөөд цаашид Социал демократ эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжих, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилгоор 1 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Тусгаар Тогтнолын Ордонд 4 сарын 03-наас эхлэн 23-ныг хүртэл тус бүр 16 цагийн сургалтад нийт 350 эмэгтэй хамрагдаж байна. Хоёр дахь бүлгийн сургалтад 60 гаруй төлөөлөл оролцож байна.
Оролцож буй эмэгтэйчүүдийн төлөөллөөс намын Бага хурлын гишүүн 3, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж байсан 13 эмэгтэйгээс Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 8 эмэгтэй, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж байсан 26 эмэгтэйгээс Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 23 эмэгтэй байна. Үүнээс сумын Засаг дарга эмэгтэй 4, сумын ИТХ-ын дарга эмэгтэй 1, Багийн Засаг дарга эмэгтэй 6, сумын намын хорооны дарга 6, үүрийн дарга 3, СДМЭХ-ны салбар зөвлөлийн дарга 6 байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.