Монгол Улсын Үндсэн Хуульд “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Мөн Улс төрийн намын тухай хуульд “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг тусгасан. Цагаан дээр хараар ингэж үзэглээд бүх нийтээр дагаж мөрдөхөөр болсон. Гэвч бодит байдал дээр Улсын Их Хурал, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувь хүртэл биш харин 20 хүртэл хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл нь байна гэж тусгаад үүнийг нь эмэгтэйчүүд гэж шууд тулган ойлгуулж байгаа нь жендэрийн тэнцвэртэй байдал хэрэгжихгүй байх нөхцөлийг бий болгодог.
Өнгөрсөн 7 хоногт Нямаагийн Энхболд тэргүүтэй гишүүдийн боловсруулсан сонгуулийн тухай хуульд Засгийн газар саналаа өгсөн.Засгийн газраас сонгууль холимог тогтолцоогоор явахаар болсон тохиолдолд пропорциональ тогтолцоо буюу жагсаалтаар орж ирэх гишүүдийн хүйсийг 1х1 байх саналыг өгсөн юм. Ингэснээр ирэх парламент хамгийн багадаа л гэхэд 19 эмэгтэй гишүүнтэй болох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Монгол Ардын Нам эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэнцвэртэй байдлыг бий болгоход онцгойлон анхаардаг. Эмэгтэйчүүд сонгуульд оролцох, сонгуульд сонгогдохгүй байх олон хүчин зүйл байдаг. Ихэвчлэн гадны хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэвч тухайн хүн өөрөө өөрийгөө бэлтгэн боловсруулах нь юу юунаас чухал. Тиймээс Монгол Ардын Нам шинэ зуунд тэгш боломжийг олгохын тулд “Манлайлагч-350” хөтөлбөрийг эхэлсэн.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 04 дүгээр сарын 03-23-ны өдрүүдэд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр хамтран 21 аймаг, 9 дүүргийн 350 манлайлагч эмэгтэйчүүдэд зориулж Хууль эрх зүй, Эмэгтэй улс төрчийн имиж, Улс төрийн түүх, Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэр хүний эрхийн хамгаалал гэх мэт олон сэдвээр сургалт явуулж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.