“Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн”-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Энэ сарын 25-с 27-ны өдрүүдэд Нээлттэй нийгэм форум, “Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн” хамтран “Сонгуулийн тогтолцоо” онол практикийн хэлэлцүүлгийг улс төрийн намуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Энэ үеэр сонгуулийн холимог тогтолцооны хувилбарууд, намын нээлттэй болон хаалттай жагсаалт, намын жагсаалтаас суудал хуваарилах томьёоны хувилбарууд, бусад улсын туршлага гэх мэт асуудлаар хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм.
Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар “Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн”-ийн тэргүүлэх эксперт Андрю Эллис, болон “Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн”-ийн Ази, Номхон далайн бүс, Монголыг хариуцсан ахлах менежер Эди Аман нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ноён Андрю Эллис Монгол Улс ардчиллын индексээр дэлхийн дунджаас дээгүүрт үнэлэгдэж буйг дурдаад, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй авлига, хүнд суртлыг бууруулах ажлууд зөв чигт явж буй талаар онцлоод цаашид парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.