Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт үргэлжилж байна. Энэ өдөр Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээллийн газрын дарга Г.Баярхүү Увс аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. Уулзалтаар Монгол Ардын Намын хийж хэрэгжүүлж буй ажил, 2023 онд хийхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөө танилцуулж намын гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.
Иргэд Нийгмийн даатгалын багц хууль, Хүүхдийн мөнгөний олголт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Түүхий эд боловсруулах үйлдвэр, Хөдөөгийн сэргэлт зэрэг асуудлуудаар санал хэлж сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулган болсон. Энэхүү арга хэмжээгээр Монгол Улсын Засгийн Газар хөдөөг хөгжүүлэх зорилтоо танилцуулсан. 21 аймгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэдийн 1000 гаруй төлөөлөл оролцсон уг чуулганыг цаг үеэ олсон арга хэмжээ болсныг Увс аймгийн гишүүд, дэмжигчид илэрхийлж байлаа.
“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор орон нутаг уруу шилжсэн ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн 1.0 хувийн хүүтэй олгоно. Зээлийн хугацаа 5 жил байх бөгөөд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгож, зээлийн зөрүүг улсын төсвөөс олгох юм.
Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлнэ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.