Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөг Монгол Улсын Их Сургуульд зохион байгуулагдсан. Тус өдөрлөгт МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавьсан юм.
Энэ үеэр Монгол Ардын Намын дэргэдэх “Социал Демократ Монголын Оюутны Холбоо”-ноос МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2023 онд нэмж 840 оюутанг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулах санал дэвшүүлжээ.
"Оюутан цэрэг" хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 7000 гаруй оюутан цэргийг нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бэлтгээд байна. Коронавирусийн цар тахлын улмаас жилдээ 1000 хүртэл оюутанг хамруулдаг байсан уг хөтөлбөрт 2020, 2021 онуудад “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдалт эрс буурч 2022 онд 160 оюутныг тус хөтөбөрт хамруулжээ. Үүгээр ч зогсохгүй 2023 онд ч 160 оюутанг уг хөтөлбөрт хамруулахаар болж 240 сая төгрөг үүнд зарцуулахаар төвлөгдсөн байна. Гэтэл нөгөө талдаа оюутан залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлт их байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, заримыг нь газар дээр нь шийдвэрлэв.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах журмын дагуу сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх, Эрүүл мэндийн даатгал төлсөн байх гэсэн шаардлага тавигддаг. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд 22,579 оюутан суралцаж байгаагаас эрэгтэй 8,247 оюутан, эмэгтэй 14,332 оюутан байна. Үүнээс 2.8 ба түүнээс дээш голчтой 4,887 эрэгтэй оюутны мэдээлэл ирсэн байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.