70001921
info@nam.mn
Мэдээ

Шинэ Зеландын Хөдөлмөрийн Нам дэвшилтэт халамжийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Админ
Өчигдөр 07 цаг 15 минут

Шинэ Зеландын Хөдөлмөрийн Нам (ШЗХН) 2023 оны 4 сарын 01-нээс эхлэн нийгмийн зорилтот бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс дэвшилтэт халамжийн бодлогыг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр тус улсын нийт хүн амын 6.9%-ийг бүрдүүлдэг арлын уугуул иргэд Маоричуудын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны өртгийг бууруулахад эергээр нөлөөлөхөөр байна.

Шинэ Зеландад КОВИД-19 цар тахлын дараагаар олон өрхийн амьжиргааны нөхцөл байдал хямралд орсон нь улс орон даяар хүмүүст сэтгэлзүйн стресс болон санхүүгийн дарамтыг үүсгэжээ. Энэхүү асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломж бага боловч ШЗХН-аас хэрэгжүүлж буй амьжиргааны өртгийн багц 1.4 сая орчим Шинэ Зеландын иргэдэд бодит тусламж болно гэж тооцоолж байна.

 Тус бодлогыг дараах байдлаар хэрэгжүүлэхээр болжээ.

  • Гэр бүл:

Бодлогын хүрээнд нярай хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долоо хоногт 69 доллар байхаар нэмэгдүүлж, харин өсвөр насны хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 9 доллароор нэмж, долоо хоногт 136 доллар болгон гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэхээр болжээ;

  • Тэтгэврийн насныхан:

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 65-аас дээш насны гэр бүлийн хосод долоо хоногт 102.84 доллар, ганц бие өндөр настанд долоо хоногт 66.86 доллар нэмж олгохоор болсон нь Шинэ Зеландын ахмад настны амьжиргааны өртгийг бууруулахад бодит дэмжлэг үзүүлэх нэг алхам юм. Мөн 5-р сарын 01-ээс эхлэн ахмад настнуудын эрчим хүчний төлбөрийг хөнгөлөх тал дээр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ;

  • Оюутан:

Их, дээд сургууль болон коллежийн оюутны тэтгэмж, оюутны зээл, амьжиргааны зардал тус бүрд зориулж долоо хоногт 20 орчим долларын тэтгэмжийг нэмж олгохоор тогтжээ. Энэ нь оюутнуудын санхүүгийн асуудлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ тэднийг хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, чадварлаг боловсон хүчин болохыг дэмжих зорилготой;

  • Эцэг, эхчүүд:

Хүүхэд асрах нь хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн өрхийн зардалд ихээхэн дарамт үзүүлдэг учраас Шинэ Зеландын Засгийн газраас бага, дунд орлоготой гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс хүүхэд асрах, өдөр өнжүүлэхэд өгөх төлбөрийг хөнгөвчилж, олон мянган бага насны хүүхдийн боловсролд илүү анхаарал хандуулах талаар дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ;

  • Ажилчид:

Шинэ Зеландад ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.50 доллароор нэмэгдүүлж, цагийн 22.70 доллар болгож байна. Энэ нь цалингийн доод хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулж, амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа олон мянган хүмүүсийг дэмжиж, Шинэ Зеландын өрх айл бүр эдийн засгийн хямралтай цаг үед амар тайван амьдрахад тус дэмтэй шийдэл болно;

  • Тэтгэмж авагчид:

Шинэ Зеландын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч инфляцын түвшин хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газраас тэтгэмж авдаг хүмүүсийн амьжиргааны өртгийг бууруулах үүднээс хүүхэдтэй гэр бүлд долоо хоногт 40.86 доллар, ганц бие эцэг болон  эхэд долоо хоногт 31.83 долларын нэмэлт тэтгэмж олгохоор боллоо;

  • Нийтийн үйлчилгээний дэмжлэгт:

Шатахууны үнийг бууруулж, нийтийн тээврээр зорчих төлбөрийг 2023 оны 6-р сарын эцэс хүртэл 50% аар хямдруулахаар болсон нь нийгмийн үйлчилгээний карт эзэмшигчид болон оюутнуудад томоохон дэмжлэг болох юм. Учир нь Шинэ Зеландад нийтийн тээврээр зорчих төлбөр нь өрх айлуудын хувьд томоохон зардал болдог байна.

ЭХ СУРВАЛЖ: https://www.labour.org.nz/news-more_cost_of_living_support_2023

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.