70001921
info@nam.mn
Мэдээ

Португалын Социалист нам "Илүү орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Иргэдийн орлогыг дэмжих шинэ багц”-ыг баталлаа

Админ
2023/03/21

Португалын Социалист нам (ПСН) нь 1973 оноос хойш улс төрийн үйл ажиллагаа явуулж буй социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчин юм. Хөгжлийн замналынхаа явцад Португалын Ерөнхий Ассамблейд эрх баригч хүчний үүргийг олон жилийн турш чамгүй амжилттай гүйцэтгэж ирсэн билээ. Мөн зарим сонгуульд цөөнхийн суудал авч сөрөг хүчний байр сууринаас улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан ч олон түмний итгэлийг хөсөрдүүлэлгүй, социал демократ үзэл баримтлалыг түгээн улс орныхоо хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлон бүтээлцсээр.

Харин ПСН нь 2022 оны парламентын ээлжит сонгуулиар олонхын суудал авч  "Илүү орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба тус бодлогын хүрээнд 2023 оны 03 сарын 20-ны өдөр Португалын Засгийн газраас “Орон сууцны зээл болон түрээс нь өрхийн орлогын 35%-аас дээш хэтэрч байвал сар бүр 200 еврогийн дэмжлэгийг иргэдэд өгч байхаар “Иргэдийн орлогыг дэмжих шинэ багцыг” баталсан байна.

Энэхүү багц нь Португалын дундаж орлоготой олон мянган өрхийг санхүүгийн хувьд дэмжиж буй маш чухал нөлөөтэй бодлого юм. Ерөнхий сайд Антонио Костагийн тэргүүлсэн Засгийн газар “Илүү орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсөвт тодотгол хийн Засгийн газрын шаардлагагүй зардлуудыг танаж, байгаль орчинд ээлтэй технологийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг олон эх сурвалжаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөөц хөрөнгийг бүрдүүлж, нийгмийн өмнө нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дэвшилтэт эхлэлийг тавьж чадсанд олон нийт талархалтай хандаж байна.

Мөн тус улсад орон сууц түрээслэгчид өөрсдийн орлогыг нуун дарагдуулдаг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа бөгөөд Португалын Засгийн газраас түрээсийн орлогоо нуун дарагдуулахгүй байх талаар уриалга гарган ажиллаж байна. Цаашид“Иргэдийн орлогыг дэмжих шинэ багцын” хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр товложээ.

Ерөнхий сайд Антонио Коста “Бид дундаж орлоготой иргэдийг дэмжиж, орон сууцны хүртээмжтэй байдлыг сайжруулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно. Алс хэтдээ дундаж орлоготой болон залуу гэр бүлүүдийг өөрийн эзэмшлийн орон сууцтай болох өргөн боломжийг бүрдүүлэх болно гэдгээ тодотгон хэлжээ.

Судлаачид тус бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадах бодлогын чадамж, нөөц бололцоо ПСН-д байгаа гэдгийг онцолж, 5 жилийн дараа Португал Улсын орон сууцны түрээсийн зах зээлд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх суурь тавигдлаа гэсэн байр суурийг илэрхийлж байна.

ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/apoios-as-rendas-e-ao-credito-a-habitacao-avancam-com-retroativos-a-janeiro/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.