Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтаа эхлүүллээ.
Өчигдөр буюу 03-р сарын 19-ний амралтын өдөр Монгол Ардын Намын, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Орхон аймгийн гишүүд, дэмжигч иргэдтэй уулзалт хийсэн. Тэгвэл өнөөдөр Булган аймгийн иргэд, дэмжигчидтэй уулзлаа.
Санал солилцсон уулзалтын үеэр Булган аймгийн гишүүд, дэмжигчид Боловсрол болон Эрүүл мэндийн сайд нарыг Булган аймагт ирж ажиллахыг хүслээ. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт ажиллах багш, эмч нарын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Залуучуудыг ажлын байртай болгоход онцгойлон анхаарах шаардлагатай байгаа талаар саналаа хэлж байлаа.
Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна. Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-26-нд буюу энэ долоо хоногийг дуустал хугацаанд үргэлжилнэ.
Уулзалтын үеэр Булган аймгийн Гурванбулаг сумын намын хороог “Улсын тэргүүний намын анхан шатны байгууллага”-аар өргөмжилсөн батламжийг гардуулсан юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.