Филиппин улсын Себу хотноо 02-р сарын 25-28-ны өдрүүдэд СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академиас “Уур амьсгалын хямралд үзүүлэх дэвшилтэт аргачлал” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн сургалт, арга хэмжээнд 10 орчим орны төлөөлөгчид хамрагдаж байгаа юм. Монгол Ардын Намаас тус намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал болон Монгол Ардын Намын Хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Нийслэлийн СДМЗХ-ны тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр нар оролцож байна.
Бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн тулгамдсан том сорилтуудыг даван туулахад олж авсан мэдлэг, ур чадвар, туршлага өнөөдөр юу юунаас чухал. Тийм ч учраас олон улс орны төлөөлөгчид нэгэн дор цугларан мэдлэг, туршлага, ур чадвараа танилцуулахын зэрэгцээ, санал солилцож байгаа юм.
Арга хэмжээний үеэр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн сэргэлт, Уул уурхайн салбар дээр барьж буй Монгол Улсын бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академи нь улс төрч, төрийн бодлогын зөвлөх, намын улс төрийн ажилтан зэргээр 250 удирдагч, манлайлагчдыг бэлтгэн төрүүлжээ.
Дашрамд дурдахад, СокДем Азийн Дэвшилтэт Улс төрийн академи нь социал демократ үзэл баримтлалтай, дэвшилтэт залуучуудад улс төрийн боловсрол олгодог сургалтын цогц хөтөлбөртэй олон улсын байгууллага юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.