Өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 30-ны өдөр МАН-ын Бага хурлын II хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хуралд Нийслэл, аймаг, сумаас сонгогдсон Бага хурлын 354 гишүүн оролцсон юм. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар Бага хурлын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр Бага хурлын гишүүд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг яаралтай хийх, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тооцох хариуцлагыг чангатгах зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлж байлаа. Мөн МАН-ын Бага хурлын II хуралдаанд оролцогчид Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэчлэлийг хийх нь зүйтэй хэмээн үзлээ. Бага хурлаас тогтоол гаргаж “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгад Монгол Ардын Намын байр суурийг 30 дугаар Их хурлын 15 дугаар тогтоолын агуулгын хүрээнд илэрхийлэн оролцож, дэмжиж ажиллахыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дах намын бүлэгт даалгасан байна. МАН-ын Бага хурлын II хуралдаанаас намын Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонголоо.
Мөн Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.