Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хорооны төлөөлөгчдөд НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс 2022 оны 11 сарын 16, 17-ны өдрүүдэд жендэрийн сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Хэнтий аймгийн намын хорооны гишүүдийг аймгийн намын дэд дарга Б.Энх-Эрдэнэ, Дорнод аймгийн намын хорооны гишүүдийг намын хорооны тэргүүлэгч Д.Урансувд, Сүхбаатар аймгийн МАН-ын хороог аймгийн намын дэд дарга Д.Амарбат нар манлайлж оролцож байна. Сургалтын эхний өдөр МАН-ын гишүүд жендэр ба хүйсийн ялгаа, жендэрийн хэвшмэл ойлголт гэж юу болох, улс төрийн нам яагаад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах ёстой тухай, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх шаардлагыг судаллаа.
Сургалтыг интерактив аргаар зохион байгуулсан бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгийн МАН-ын жендэрийн манлайлагч М.Адилбиш, Б.Ханхүү, Л.Амаржаргал нар хамтран зохион байгуулав.
Энэхүү сургалтын хоёр дахь өдөр МАН-ын жендэрийн манлайлагчид, сургалтад оролцогчид өөрсдийн аймгийн намын хороог жендэрийн шилжилтийг дэмжсэн орчин үеийн нам болж төлөвшүүлэх, дотоод соёлыг өөрчлөхөд манлайлж ажиллах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн “50:50” клуб байгуулах, ажлаа төлөвлөх дасгал ажлуудыг гүйцэтгэлээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.