Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад 10-р сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оноос хойш 13 жилийн дараа хийгдэж байгаа энэхүү айлчлалын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Германы Социал Демократ намын дарга Л.Клингбайлтай уулзаж, хоёр улсын болоод хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Холбооны Бүгд Найрамдах Герман улс болон Монгол улсын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд хоёр улсын эрх баригч намуудын улс төрийн бодлого, түншлэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс талууд уулзалтын үеэр хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх ёстойг онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Боомт, Эрчим хүч, Аж үйлдвэржилт, Хот хөдөөгийн хөгжил, Ногоон хөгжлийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг хоёр тал онцлон тэмдэглэлээ.
Мөн энэ өдрүүдэд “Дэлхийн социал демократ, дэвшилтэт үзэлт намуудын холбоо” болох Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Берлин хотод болсон. Уг хуралд Монгол Ардын намыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар оролцов. Цар тахлын хямралаас улбаалсан дэлхий дахинд тулгарч байгаа хямралыг Дэлхийн Социал Демократ намууд хэрхэн хамтын хүчээр даван туулах, тэгш бус байдлыг багасгах, хүний эрх, ардчилсан үйл явцыг дэмжин хамгаалахын тулд олон улсын түвшинд хэрхэн хамтран ажиллах тухай асуудлыг хурлаар хэлэлцлээ.
Түүнчлэн хурлын үеэр Дэлхийн Социал Демократ дэвшилтэт үзэлт намуудын эмэгтэй лидерүүдийн төлөөлөл цугларсан юм. Энэхүү цугларалтад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцсон бөгөөд Иран улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийг дэмжиж байгаагаа олон улсын эмэгтэйчүүд илэрхийллээ.
Дашрамд дурдахад Монгол Ардын нам нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчнүүдээс анх удаа хүний эрх, жендэрийн тэгш эрхийн асуудлыг бүхэл том асуудал болгон орон даяар бүтэн нэг өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд цаашид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд олон ажлуудыг төлөвлөн шат шатандаа ажиллаж байгаа билээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.