Та бүхэндээ Олон улсын ахмадын өдөр, Монголын Ахмадын баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Монгол Улсын хөгжил дэвшлийн өнөөг хүртэлх түүхэн замналын бүх цаг үед ахмадууд Та бүхэн оюун ухаан, бие сэтгэлээрээ улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлын бүтээн байгуулалт, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж ирсэн билээ. Идэр залуу насныхаа эрдэм мэдлэг, эрч хүч, шаргуу хөдөлмөрөө эх орныхоо төлөө зориулж, хойч үедээ үнэтэй сайхан үлгэр дуурайлал болж ирсэн та бүхнийхээ гавьяатай үйлсийг бахархан онцолж байна.
Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн суурь үзэл баримтлал нь “Амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн үзэж, нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьсан билээ.
Түүнчлэн манай нам ХХХ их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлж, зургаан зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Их Хурлаар батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилготой томоохон шийдэл гаргаж хичээн зүтгэж ажиллаж байна.
Ахмадууд та бүхэн өнөөдөр ч гэсэн үр хүүхэд, ач зээ болон залуу үеэ мэдлэг оюун, ур чадвар, хөдөлмөрч, шударга чанар, арвин туршлагаараа сурган хүмүүжүүлсээр байгаа нь эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ бидний өнө мөнхийн үнэт зүйл байх болно гэдэгт миний бие бат итгэлтэй байна.
Та бүхний холч ухаан, ноён нуруу, эх орноо гэсэн чин сэтгэл, үнэ цэнтэй туршлага нь цаашид улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сайн сайхан байдлыг хангахад ихээхэн чухал үүрэг, ач холбогдолтой хэвээр байсаар байх болно.
Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмадын баярыг тохиолдуулан эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ эрүүл энх байж, саруул сайхан аж төрөхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.