Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалаа тодотгон зарласан. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын нам үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаандаа шинэчлэл хийсэн гэсэн үг. Энэ шинэчлэлт, өөрчлөлтийг оруулсанаар Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон буюу улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан хэн нэгэн этгээдтэй хамтарч ажиллахгүй, намын аливаа хариуцлагатай албан тушаал эрхлэх боломжийг олгохгүй байхаар болсон. Энэ асуудал нь Монгол Ардын нам, цаашлаад Монгол улсын хөгжил, дэвшилд амин чухал зүйл. Иймээс Монгол Ардын нам нь намын бага хурлын гишүүдэд сургалт явуулж эхэллээ. Сургалтанд нийслэл болон хөдөө орон нутгийн бүх төлөөлөгчид оролцож байна. Сургалтаар Социал Демократ үзэл баримтлал, Хүний эрх эрх чөлөөг хэрхэн хамгаалах, хэрхэн хангах ёстой талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан юм.
Сургалтын эхэнд Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгч, үг хэлсэн. Тэрээр: “Монгол Ардын нам нь хүний эрхийг дээдлэгч нам. Хүний эрхийн асуудал ярихын тулд жендэрийн тэгш эрхийн асуудал хөндөгддөг. Хэдийгээр өнөөдөр Монгол Ардын намын нийт гишүүдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ бага байна. Тиймээс Монгол Ардын нам жендэрийн асуудалд маш чухал ач холбогдол өгч байгаа. Хүний эрхийн асуудал яригдахад бусдын боломжийг хулгайлсан авлига хээл хахуулийн асуудал ч хөндөгддөг. Авлигын хэрэгтэй, авлигын хэрэгт холбогдсон хэнтэй ч Монгол ардын нам зам нийлүүлэхгүй. Намын бага хурлын гишүүдэд зориулсан сургалт нь ч энэ чиглэл уруу явагдана. Бага хурлын гишүүн нь зөвхөн шийдвэр гаргах түвшний хуралд оролцдог бус намын бүх шатны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байх ёстой. Ийм шилжилт уруу ч явна” гэлээ.
Хүн төвтэй нам байж хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангах нь Монгол Ардын намын эрхэм зорилгын нэг. Тийм ч учраас энэ өдөр зохион байгуулагдсан сургалтанд МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарь, Монгол Ардын Намын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн”-гийн захирал Х.Баасанжаргал нар оролцож Социал Демократ үзэл баримтлал, Хүний эрхийн чиглэлээр сургалт явууллаа. Энэ өдрийн сургалтанд Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Баянхонгор, Төв аймаг болон нийслэлийн бага хурлын гишүүд оролцлоо.
Монгол Ардын намын Бага хурлын гишүүдэд зориулсан сургалт цаашид үе шаттай зохион байгуулагдана.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.